16 1 Та нарыг бүү бүдрээсэй гэсэндээ Би үүнийг та нарт хэллээ. 2 Тэд та нарыг синагогоос хөөнө. Улмаар та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. 3 Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно. 4 Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг санаасай гэсэндээ Би эдгээрийг хэлсэн юм.
Ариун Сүнсний үйлс
Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй. 5 Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. 6 Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрчээ. 7 Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ. 8 Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. 9 Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ. 10 Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очиж, та нар Намайг дахин эс харна. 11 Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн.
12 Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. 13 Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. 14 Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх юм. 15 Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ. 16 Мөдхөн та нар Намайг харахаа болино. Үүний дараа төдхөн та нар Намайг эргээд харах болно гэж айлдлаа.
17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биедээ
—“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Үүний дараа төдхөн та нар Намайг эргээд харах болно”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? гэцгээв. 18 Тэгээд тэд
—“Мөдхөн” гэсэн нь юу юм бол? Юу яриад байгааг нь мэдэх юм алга гэлээ. 19 Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд
—“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Үүний дараа төдхөн та нар Намайг эргээд харах болно” гэсний талаар та нар өөр хоорондоо хэлэлцээд байна уу? 20 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно. 21 Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурилдаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлаж, зовлонгоо эргэж санадаггүй. 22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай эргэж уулзана. Тэгэхэд зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй. 23 Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө.a 24 Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.
Шавь нарын амар амгалан
25 Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийн тухай та нарт шууд хэлнэ. 26 Тэр өдөр та нар нэрээр минь гуйх болно. Энэ нь Би та нарын өмнөөс Эцэгээс гуйна гэсэн үг биш. 27 Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн учраас Эцэг Өөрөө та нарыг хайрладаг юм. 28 Би Эцэгээс гарч, ертөнцөд ирсэн. Би ертөнцийг дахин орхиж, Эцэг өөдөө явна гэж айлдлаа. 29 Шавь нар нь
—Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. 30 Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. 31 Есүс тэдэнд
—Та нар одоо итгэж байна уу? 32 Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр лүүгээ тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг айсуй. Энэ цаг хэдийн иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. 33 Та нарыг Миний дотор амар амгалан байг гэсэндээ Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.
- a16:23 Зарим гар бичмэлд: Тэр нэрээр минь та нарт өгөх болно.