Есүс самари эмэгтэй хоёр
4 1 Иоханаас илүү олон хүнийг Есүс шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчууд сонссоныг Эзэн мэдээд, 2 (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) 3 Иудейг орхин дахин Галил явжээ. 4 Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов. 5 Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв.* 6 Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэрсэн Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаарa цагийн орчим байв.
7 Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс
—Надад уух юм өгөөч гэв. 8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа. 9 Өнөөх самари эмэгтэй
—Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)b 10 Есүс түүнд
—Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэн сэн бол чи Түүнээс гуйж, харин Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд 11 тэр Түүнд
—Эзэн минь, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ? 12 Энэ худгийг бидэнд өгсөн Иаков өвгөөс маань Та агуу гэж үү? Тэр өөрөө, түүний хөвгүүд, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. 13 Есүс
—Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. 14 Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд 15 эмэгтэй Түүнд
—Эзэн минь, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв.
16 Есүс
—Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. 17 Эмэгтэй
—Би нөхөргүй гэсэнд Есүс
—“Би нөхөргүй” гэж чи зөв хэлэв. 18 Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. 19 Эмэгтэй
—Эзэн минь, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. 20 Өвөг дээдэс маань энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Йерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. 21 Есүс
—Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Йерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. 22 Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс аврал иудейчүүдээс гарна. 23 Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээрc Эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчхээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. 24 Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээрd мөргөх ёстой гэж айлдлаа. 25 Тэр эмэгтэй Есүст
—Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. 26 Есүс түүнд
—Тэр чинь чамтай ярьж буй Би байгаа юм гэж айлдав.
27 Энэ зуур шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн нь ч
—Та юу хайна вэ? эсвэл
—Та түүнтэй юунд ярилцана вэ? гэж хэлсэнгүй. 28 Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот руу буцаж очоод хүмүүст
— 29 Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд 30 тэд хотоос гарч, Есүс рүү очжээ.
31 Энэ хооронд шавь нар нь Есүст
—Рабби, ид гэж шавдуулав. 32 Харин Тэр тэдэнд
—Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. 33 Шавь нар нь
—Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч өгсөн юм уу? гэж өөр хоорондоо ярилцав. 34 Есүс тэдэнд
—Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм. 35 Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ. 36 Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. 37 Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн юм. 38 Та нарын хөдөлмөрлөж зүтгээгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь ихэд зүтгэсэн бөгөөд та нар тэдний хичээл зүтгэлд оролцсон гэж айлдав.
39 Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ. 40 Тиймээс самаричууд Есүс дээр очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд Есүс тэнд хоёр хонов. 41 Есүсийн үгээс болж, бүр олноороо итгэлээ. 42 Тэд мөнөөх эмэгтэйд
—Одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод, энэ хүн үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.
Галилд буцав
43 Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. 44 Эш үзүүлэгч төрөлх нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчилсэн юм.* 45 Есүсийг Галилд ирэхэд Галилынхан Йерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Тэд ч бас баярт очжээ.*
Түшмэлийн хүүг эдгээв
46 Усыг дарс болгож байсан, Галилын Канаадаа Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүү нь Капернаумд өвчтэй байлаа.* 47 Есүсийг Иудейгээс Галилд ирснийг түшмэл сонсоод, Түүн дээр очиж
—Ирж, хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. 48 Есүс
—Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав. 49 Хааны түшмэл Түүнд
—Эзэн минь, хүүхдийг минь үхэхээс өмнө очооч гэлээ. 50 Есүс
—Яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд, харихаар явав. 51 Тийнхүү тэрээр буцаж явтал зарц нар нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. 52 Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд
—Өчигдөр долдугаарe цагт түүний халуун буусан гэв. 53 Тэгээд эцэг нь “Хүү чинь амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. 54 Есүс Иудейгээс Галилд ирээд, дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.
- 4:5 Эх 33:19; Иош 24:32
- a4:6 Энэ нь үд дунд юм
- b4:9 эсвэл самаричуудын хувин савыг хэрэглэдэггүй
- c4:23 эсвэл сүнс ба үнэн дотор
- d4:24 эсвэл сүнс ба үнэн дотор
- 4:44 Мт 13:57; Мк 6:4; Лк 4:24
- 4:45 Иох 2:23
- 4:46 Иох 2:1–11
- e4:52 13:00 цаг.