Төрөлхийн хараагүй хүнийг эдгээв
9 1 Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн хараагүй хүнийг харжээ. 2 Шавь нар нь Түүнээс
—Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ хүн хараагүй төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд 3 Есүс
—Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм. 4 Намайг Илгээгчийн үйлсийг бид өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. 5 Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав.* 6 Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, өнөөх хараагүй хүний нүдийг шавраар шаваад
— 7 Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ. 8 Хөршүүд нь болон урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс
—Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөө хүн биш үү? гэхэд 9 зарим нь
—Тэр мөн байна гэцгээв. Бусад нь
—Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө
—Тэр чинь би байна гэж хэлэв. 10 Тэд түүнээс
—Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд 11 тэр
—Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам руу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. 12 Тэд
—Тэр хаана байна? гэсэнд тэр
—Би мэдэхгүй гэлээ.
Эдгэрлийн тухайд байцаав
13 Урьд нь хараагүй байсан өнөө хүнийг тэд фарисайчууд дээр авч ирэв. 14 Есүс Амралтын өдрөөр шавар зуурч, нүдийг нь нээсэн байжээ. 15 Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэрээр
—Нүдийг минь Тэр шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэв. 16 Фарисайчуудын зарим нь
—Тэр хүн Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас биш гэв. Зарим нь
—Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. 17 Тиймээс тэд өнөөх хараагүй байсан хүнд дахин
—Тэр чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр
—Тэр бол эш үзүүлэгч гэв.
18 Тийнхүү түүнийг хардаггүй байж байгаад хараатай болсонд нь иудейчүүд итгэсэнгүй, тэр хүний эцэг эхийг дуудахад хүрчээ. 19 Тэд эцэг эхээс нь
—Хараагүй төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. 20 Эцэг эх нь тэдэнд
—Энэ хүү маань мөн гэдгийг болон хараагүй төрснийг нь бид мэдэж байна. 21 Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр нас биед хүрсэн. Тэр өөрөө хэлэг гэв. 22 Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. 23 Тиймээс эцэг эх нь “Тэр нас биед хүрсэн, өөрөөс нь асуу” гэжээ.
24 Фарисайчууд өнөөх хараагүй байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд
—Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд 25 өнөөх хүн
—Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, хараагүй байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. 26 Тэд түүнээс
—Тэр чамд юу үйлдсэн юм? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ? гэж асуухад
— 27 Би та нарт хэдийн хэлсэн, та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байна уу? гэв. 28 Фарисайчууд түүнийг хараан зүхэж
—Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. 29 Мосед, Бурхан айлдсан гэдгийг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд 30 өнөөх хүн
—Тэр нүдийг минь нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. 31 Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. 32 Төрөлхийн хараагүй хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хэн ч сонсоогүй. 33 Тэр хүн Бурханаас ирээгүй бол Тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. 34 Гэтэл тэд
—Нүгэл хилэнц дотор төрсөн атлаа бидэнд заах нь уу, чи? гээд түүнийг хөөн гаргав.
Сүнсний сохрол
35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж
—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд 36 тэр
—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. 37 Есүс
—Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. 38 Тэр
—Эзэн минь, би итгэж байна гээд Түүнд мөргөв. 39 Есүс түүнд
—Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. 40 Есүстэй хамт байсан зарим фарисайчууд үүнийг сонсоод, Түүнд
—Бид бас сохор байх нь уу? гэхэд 41 Есүс тэдэнд
—Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байх байлаа. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна.
- 9:5 Мт 5:14; Иох 8:12