Никодем зочлов
3 1 Фарисайчуудын дунд иудейчүүдийн удирдагч Никодем гэгч хүн байлаа. 2 Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд
—Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Яагаад гэвэл Бурхан л хамт байхгүй бол хэн ч Таны үйлддэг шиг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв. 3 Есүс хариуд нь
—Үнэнээр үнэнээр Би танд хэлье. Хэн дээрээсa эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд 4 Никодем Түүнд
—Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хэвлийд тэр хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. 5 Есүс
—Үнэнээр үнэнээр Би танд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр нь Бурханы хаанчлалд орж үл чадна. 6 Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ. 7 “Та нар дээрээс төрөх ёстой” гэж танд хэлсэнд минь бүү гайх. 8 Салхи дуртай газраараа үлээдэг. Та дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав. 9 Никодем Түүнээс
—Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. 10 Есүс хариулахдаа
—Та Израилын багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? 11 Үнэнээр үнэнээр Би танд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. 12 Хэрэв Би та нарт газрын юмсыг ярихад итгэхгүй бол тэнгэрийн юмсыг ярихад минь та нар яаж итгэх юм бэ? 13 Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй. 14 Мосе цөлд могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой.* 15 Энэ нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ.b
16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Тиймээс Хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно. 17 Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Хүүгээрээ дамжуулан ертөнцийг аврахын тулд Түүнийг ертөнцөд илгээсэн билээ. 18 Түүнд итгэдэг хүн яллагдахгүй, харин итгэдэггүй нь хэдийн яллагдсан. Яагаад гэвэл тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрд итгээгүй юм. 19 Тэдний ял ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирсэн ч тэд гэрлээс илүү харанхуйг хайрласан юм. 20 Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй. 21 Харин үнэнийг үйлдэгч хүн, үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг гэлээ.
Баптисч Иохан ба Есүс
22 Дараа нь Есүс шавь нартайгаа иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. 23 Мөн Салимын ойролцоо Аенонд ус ихтэй тул Иохан тэнд баптисм хүртээж байв. Хүмүүс ирцгээж, баптисм хүртэж байлаа. 24 Тэгэхэд Иохан хараахан шоронд хоригдоогүй байсан юм.* 25 Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн иудейc хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. 26 Тэд Иохан дээр ирж
—Рабби, Йорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр хүн одоо баптисм хүртээж, бүгд Түүн рүү очиж байна гэсэнд 27 Иохан
—Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. 28 “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж хэлснийг минь та нар өөрсдөө гэрчилнэ.* 29 Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. 30 Тэр өсөж, харин би буурах ёстой гэв.
Тэнгэрээс Ирэгч
31 Дээрээс Ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс Ирэгч бүхний дээр байдаг. 32 Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 33 Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалдаг юм. 34 Бурханаас илгээгдсэн Тэрээр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. 35 Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүгдийг өгсөн юм.* 36 Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй хүн амийг үзэхгүй бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.
- a3:3,7 эсвэл дахин
- 3:14 Тоо 21:9
- b3:15 Зарим орчуулгад Есүсийн хэлсэн үгийг энд дууссан гэж үздэг.
- 3:24 Мт 14:3; Мк 6:17; Лк 3:19–20
- c3:25 Зарим гар бичмэлд: зарим иудейчүүд
- 3:28 Иох 1:20
- 3:35 Мт 11:27; Лк 10:22