Усан үзмийн жинхэнэ мод

15 1 Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. 2 Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. 3 Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. 4 Миний дотор оршигтун. Би ч та нарын дотор оршино. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор оршихгүй бол тийм байх болно. 5 Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор оршиж, Би мөн түүний дотор оршино, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. 6 Хэн нэг нь Миний дотор эс оршвоос мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана. 7 Та нар Миний дотор оршиж, Миний үгс та нарын дотор орших аваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. 8 Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина. 9 Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. 10 Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь оршдогийн адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно.
11 Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв. 12 Би та нарыг хайрласны адилаар та нар бие биеэ хайрлагтун. Энэ Миний тушаал.* 13 Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. 14 Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн. 15 Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Боол нь эзнийхээ юу хийж байгааг мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Яагаад гэвэл Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. 16 Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр та нар нэрээр минь Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм. 17 Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун.

Дагалдагчдыг ертөнц үзэн ядах нь

18 Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. 19 Хэрэв та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлах байсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн ядна. 20 “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахина.* 21 Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. 22 Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов. 23 Намайг үзэн ядагч нь Эцэгийг минь ч мөн үзэн яддаг. 24 Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүй байсан бол тэд нүгэлгүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна. 25 Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ.*
26 Би Эцэгээсээ та нарт Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэр ирэхдээ Намайг гэрчилнэ. 27 Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.


  • 15:12 Иох 13:34, 15:17; 1Ио 3:23; 2Ио 5
  • 15:20 Мт 10:24; Лк 6:40; Иох 13:16
  • 15:25 Дуу 35:19, 69:4