Есүс Христийг “Хүмүүн биеийг олж бидний дунд амьдарсан” Бурханы Үг хэмээн энэхүү сайнмэдээнд элч Иохан илэрхийлжээ. (1:14) Мөн “Есүс бол амлагдсан Аврагч, Бурханы Хүү мөн гэдэгт итгүүлэхийн тулд энэ сайнмэдээ бичигдсэн бөгөөд Түүнд итгэснээр хүмүүс амьтай болох юм” хэмээн өгүүлж байна. (20:31) Бурханы мөнхийн Үг гэж Есүсийг тодорхойлсон оршил хэсгийн араас Есүс Христ бол амлагдсан Аврагч мөн Бурханы Хүү гэдгийг батлан харуулсан олон янзын гайхамшиг номын эхний бүлгүүдэд багтсан байдаг агаад эдгээр гайхамшиг юуг илчилж буйг тайлбарласан байна. Зарим хүн Есүст итгэн, дагалдагч нь болж байхад зарим нь Есүсийг эсэргүүцэн, итгэхээс татгалзаж байгаа тухай ч бас номын энэ хэсэгт гардаг.
Есүс баривчлагдах үдшээ дагалдагчидтайгаа ихэд аминчлан байж, ирэх үйл явдалд тэднийг бэлтгэн зоригжуулсан үгсийг хэлсэн бас ямар дотно нөхөрлөж байсныг нь энэ номын 13–17-р бүлэгт дэлгэрэнгүй өгүүлжээ. Харин сүүлчийн бүлгүүдэд Есүсийг баривчилсан, шүүсэн мөн цовдолсон тухай, улмаар Есүс амиллынхаа дараа дагалдагч нартаа харагдсан тухай өгүүлжээ.
“Завхайрч байгаад баригдсан эмэгтэйн тухай” (8:1–11) хэсгийг олон гар бичмэл болон эртний орчуулгуудад орхих юм уу, өөр хэсэгт оруулсан байдаг учраас хаалтад оруулж тэмдэглэсэн байдаг.
Энэ номд, Христээр дамжин мөнх амийн бэлэг ирснийг болон чухам зам, үнэн, амь бол Есүс мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн хэн бүхэнд эл бэлэг өгөгдөнө гэдгийг Иохан онцлон тэмдэглэжээ. Иоханы дүрслэлийн онцлог нь ус, талх, гэрэл, хоньчин ба хоньд, усан үзмийн мод ба жимс нь гэх мэт амьдрал ахуйд байдаг эгэл юмсаар сүнслэг оршихуйг бэлгэдсэнд оршино.
Үг нь махбод болов
1 1 Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан, Үг Өөрөө Бурхан байсан. 2 Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. 3 Бүх юм Түүгээр бий болсон бөгөөд бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юм гэж нэг ч үгүй. 4 Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэлa байв. 5 Гэрэл харанхуйг гийгүүлэхэд харанхуй нь гэрлийг дийлээгүйb юм.
6 Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ.* 7 Тэрээр гэрч болон ирсэн нь мөнөөх гэрлийн тухай гэрчилж, түүгээр дамжуулан хүн бүр итгээсэй гэснийх ажээ. 8 Тэр өөрөө өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн юм.
9 Хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл ертөнц рүү ирж байв. 10 Тэрээр ертөнцөд байсан, ертөнц Түүгээр буй болсон боловч ертөнц Түүнийг таниагүй юм. 11 Тэрээр Өөрийнхөндөө ирсэн боловч, Өөрийнхөн нь Түүнийг хүлээн аваагүй юм. 12 Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. 13 Тэд бол цусаар биш, махбодын хүслээр биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.
14 Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм. 15 Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч
—“Миний араас Ирэгч нь надаас дээгүүр. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн хүн бол Тэр юм гэжээ. 16 Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. 17 Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ. 18 Хэн ч Бурханыг хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь л Түүнийг таниулсан юм.
Баптисч Иоханы гэрчлэл
(Мт 3:1–12; Мк 1:1–8; Лк 3:1–18)
19 Иудейчүүд “Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар тахилч нар болон левичүүдийг Йерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. 20 Тэрээр үгүйсгэлгүйгээр хүлээн зөвшөөрч
—Би Христ биш гэж хүлээн зөвшөөрөв. 21 Тэд түүнээс
—Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу?* гэж асуухад тэр
—Би биш гэсэнд
—Та өнөөх Эш үзүүлэгч үү?c гэхэд тэр
—Үгүй гэлээ. 22 Тэгтэл тэд түүнд
—Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. 23 Иохан
—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун хэмээн цөлд хашхирах дуу” бол би билээ гэж хэлэв.* 24 Фарисайчуудын илгээсэн хүмүүсd бас байлаа. 25 Тэд түүнээс
—Та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд 26 Иохан
—Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. 27 Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. 28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Йордан голын чанад Бетанд болсон юм.
Бурханы Хурга
29 Дараа өдөр нь Иохан, өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад,
—Ертөнцийн нүглийг зайлуулах Бурханы Хургыг харагтун! 30 Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн надаас дээгүүр юм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. 31 Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израилд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. 32 Иохан гэрчилж
—Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. 33 Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Ариун Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. 34 Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.
Анхны шавь нар
35 Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад зогсож байлаа. 36 Есүсийн явж байхыг тэр хараад
—Бурханы Хургыг харагтун! гэсэнд 37 хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. 38 Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд
—Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд
—Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. 39 Есүс тэдэнд
—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаарe цаг болж байлаа. 40 Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41 Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42 түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд
—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.
Филип Натанаел хоёрыг дуудав
43 Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд
—Намайг дага гэв. 44 Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. 45 Филип Натанаелыг олоод
—Мосе Хуулийн [номдоо] бичсэн, бас эш үзүүлэгчийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэв. 46 Натанаел түүнд
—Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэсэнд Филип
—Ирж, хар л даа гэв. 47 Есүс Өөр лүү нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай
—Харагтун, жинхэнэ израил, заль мэх гэж түүнд үгүй гэв. 48 Натанаел Есүсээс
—Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр
—Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49 Натанаел
—Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилын Хаан гэж Түүнд хэлэв. 50 Есүс түүнд хариулан
—Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд, 51 Тэр
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэрэлч нар Хүний Хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.*
- a1:4 эсвэл Түүн дотор буй болсон нь амь байв эсвэл Үг амийн эх булаг байв эсвэл Үгтэй нэгдсэн нэгдэл дотор амь байв.
- b1:5 эсвэл ухаарсангүй
- 1:6 Мт 3:1; Мк 1:4; Лк 3:1–2
- 1:21 Дх 18:15,18; Мал 4:5
- c1:21 өнөөх Эш үзүүлэгч: Мессиа ирэхийг тунхаглаж, уриалах учиртай хүн.
- 1:23 Иса 40:3 (LXX)
- d1:24 эсвэл фарисайчуудын илгээсэн элч нар эсвэл илгээгдсэн фарисай элч нар
- e1:39 16:00 цаг.
- 1:51 Эх 28:12