Кора Датан Абирам нарын эсэргүүцэл

16 1 Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений үр удам болох Елиабын хөвгүүн Датан, Абирам болон Пелетийн хүү Он нартай хамт хөдөлж,* 2 Израилын хэсэг хөвгүүд буюу цуглаанд сонгогдсон нэр алдартай хүмүүс, хотол түмний хоёр зуун тавин удирдагчидтай хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. 3 Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд
—Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв. 4 Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав. 5 Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд
—Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна. 6 Үүнийг хийгтүн. Кора ба түүний нөхөд та нар бүгд өөрсдөдөө бойпруудыг аваад, 7 маргааш, дотор нь гал хийж, ЭЗЭНий оршихуйд түүн дээрээ утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох хүн нь ариун нэгэн болно. Левийн хөвгүүд та нар л арай дэндэж байна гэв. 8 Дараа нь Мосе, Корад
—Левийн хөвгүүд та нар сонсогтун. 9 Израилын Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, хотол түмний өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилын хотол түмний дундаас та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу? 10 Тэр чамайг Левийн хөвгүүд болох ах дүүсийн чинь хамт ойртуулсан байхад та нар бас тахилч болохоор эрэлхийлнэ үү? 11 Тиймээс л чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аарон хэн болоод та нар түүний эсрэг гонгинолдоно вэ? гэлээ.
12 Дараа нь Мосе, Елиабын хөвгүүд болох Датан Абирам нарыг дуудан хүн илгээсэн боловч тэд
—Бид очихгүй. 13 Чи бид нарыг цөлд үхүүлэхээр сүү балаар бялхсан нутгаас авч гарсан нь багадаад одоо бас биднийг захирах нь уу? 14 Чи ямар бид нарыг сүү балаар бялхсан нутагт аваачиж, бидэнд тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг хувь болгоод өгчихсөн биш! Одоо харин чи энэ хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй! гэж хэлэв. 15 Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд
—Тэдний өргөлд харцаа бүү хандуулаач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ. 16 Мосе Корад
—Чи болон чиний бүх нөхөд маргааш Ааронтай хамт ЭЗЭНий өмнө ир. 17 Хүн бүр өөрийн бойпрыг авч, дотор нь утлага хийн хүн бүр өөр өөрийн бойпрыг буюу хоёр зуун тавин бойпрыг ЭЗЭНий өмнө авчир. Аарон та хоёр ч тус тусын бойпрыг авчрагтун гэж хэлэв. 18 Тиймээс тэд тус тусынхаа бойпрыг авч, дотор нь гал хийж, дээр нь утлага үйгээд Мосе Аарон нартай хамт уулзалтын майхны үүдэнд зогслоо. 19 Даяар хотол түмнийг уулзалтын майхны үүдэнд тэдний эсрэг Кора цуглуулав. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан даяар хотол түмэнд үзэгдэв.
20 ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин айлдахдаа
21 Би энэ даяар хотол түмнийг даруй устгах учраас өөрсдийгөө эднээс салга гэв. 22 Харин тэд нүүрээрээ унан
—Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв. 23 Тэгтэл ЭЗЭН, Мосетой ярин
24 Хотол түмэнд “Кора, Датан ба Абирам нарын оршин сууж буй газрын эргэн тойрноос ухарцгаа” гэж хэл гэв. 25 Мосе босож, Датан Абирам нар луу явахад Израилын ахмадууд өөрийг нь дагав. 26 Тэрээр хотол түмэнд хэлсэн нь
—Эдгээр гэм буруутнуудын майхнаас холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв. 27 Тиймээс Кора, Датан ба Абирам нарын оршин сууж буй газрын эргэн тойронд байсан бүгд ухарцгаав. Датан Абирам нар гарч ирэн, эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов. 28 Мосе
—Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг, энэ нь миний өөрийн хийж буй зүйл биш гэдгийг та нар үүгээр мэдэх болно. 29 Хэрэв тэд бүх хүнд тохиолддог үхлээр үхэж эсвэл бүх хүний адилаар шийтгүүлэх аваас ЭЗЭН намайг илгээгээгүй болно. 30 Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирч, улмаар газар амаа нээж, тэднийг бүх зүйлийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд очих аваас энэ хүмүүс ЭЗЭНийг үл тоомсорлосныг та нар ойлгох болно гэв.
31 Тэрээр энэ бүх үгийг хэлж дуусмагц тэдний доорх газар хагаран цуурч, 32 газар амаа нээж, тэднийг болон гэрийнхнийг нь мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа. 33 Тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн Үхэгсдийн орон руу амьдаараа доош оржээ. Газар тэдний дээр хаагдан, тэд чуулганы дундаас устгагджээ. 34 Тэдний эргэн тойронд байсан бүх израил хүн
—Газар биднийг ч залгиж болзошгүй гэцгээн, тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. 35 ЭЗЭНээс гал гарч ирэн, утлага өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.
36 Дараа нь ЭЗЭН, Мосетой ярин
37 Бойпрууд ариуссан учраас тэдгээрийг авч, шатаж буй галыг нь тараан цац гэж тахилч Аароны хүү Елеазарт хэл. 38 Амийнхаа үнээр нүгэл үйлдсэн тэр хүмүүсийн бойпруудын хувьд, тэд үүнийгээ ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариуссан учраас үүнийг тахилын ширээг бүрэх давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилын хөвгүүдэд тэмдэг болог гэлээ. 39 Ингээд шатаагдсан хүмүүсийн өргөж байсан хүрэл бойпруудыг тахилч Елеазар авч, тэдгээрийг тахилын ширээг бүрэх ялтас болгон давтсан нь 40 Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилын хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.
41 Гэтэл дараагийн өдөр нь Израилын хөвгүүдийн хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож
—Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв. 42 Хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг цуглаж, уулзалтын майхан руу эргэтэл, харагтун, түүнийг нь үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв. 43 Мосе Аарон нар уулзалтын майхны урд ирэв. 44 ЭЗЭН, Мосетой ярин
45 Эднээс холд. Би энэ хотол түмнийг бүхэлд нь даруй устгана гэв. Харин тэд нүүрээрээ унав. 46 Мосе, Ааронд
—Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүлэл хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв. 47 Мосегийн хэлсэн ёсоор Аарон бойпроо авч, хотол түмний дунд гүйн оров. Харагтун, гамшиг ард олны дунд эхэлчихсэн байлаа. Тийнхүү тэр утлагыг тавьж, ард олны төлөө эвлэрүүлэл хийлээ. 48 Тэрээр амьд болон үхэгсдийн хооронд зогссон бөгөөд гамшиг зогслоо. 49 Тэнд гамшгаар үхэгсэд нь Корагийн улмаас үхэгсдээс гадна арван дөрвөн мянга долоон зуу байлаа. 50 Гамшиг зогссоны дараа Аарон уулзалтын майхны үүдэнд Мосе дээр эргэж ирэв.


  •  16:1 Иуд 11