Балаамын гурав дахь зүйр зөн
24 1 Израилыг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр эрэлхийлэх гэсэнгүй, харин нүүрээ цөл рүү хандуулав. 2 Балаам хараагаа өргөн, овог овгоороо буудаллан буй Израилыг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ. 3 Тэрээр зүйр зөнгөө хэлжээ.
Беорын хүү Балаам,
Нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.
4 Бурханы үгсийг сонсдог,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
Унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүн тунхаглаж байна.
5 Иаков аа, чиний майхнууд,
Израил аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
6 Уудам тэнэгэр тал хөндий мэт,
Голын хөвөөн дэх цэцэрлэгүүд мэт,
ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,
Усны дэргэдэх хуш модод мэт.
7 Түүний хувингуудаасё нь ус урсах агаад
Түүний үр нь их устай байж,
Түүний хаан нь Агагаас илүү өндөрт байх бөгөөд
Түүний хаанчлал нь өргөмжлөгдөнө.
8 Түүнийг Египетээс гаргасан Бурхан
Түүнд зэрлэг үхрийн эвэр мэт болой.
Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэрээр цөлмөнө,
Ясыг нь яйруулж, сумаараа тэднийг сүлбэнэ.
9 Тэрээр мярааж хэвтэх нь арслан мэт, эрслэн мэт.
Түүнийг босгож хэн зүрхлэх вэ?
Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж,
Чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.*
10 Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэрээр хоёр гараа хавсарч цохив. Балак, Балаамд
—Би дайснуудаа хараалгахаар чамайг дуудсан билээ. Гэтэл харагтун, чи тэднийг гурвантаа дараалан ерөөлөө. 11 Иймээс өөрийн газар луугаа зугтагтун. Би чамайг үлэмж ихээр хүндэтгэхээр зэхэж байсан. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв. 12 Балаам, Балакт
—Чиний над руу илгээсэн элч нарт би 13 “Балак мөнгө алтаар дүүрэн гэрээ надад өгөх байсан ч би ЭЗЭНий тушаалын эсрэг өөрийн хүслээр сайн, муу юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү? 14 Одоо харагтун, би ард түмэн рүүгээ явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юу хийхийг би чамд мэдүүлье гэлээ.
Балаамын дөрөв дэх зүйр зөн
15 Тэрээр зүйр зөнгөө хэлж
Беорын хүү Балаам,
нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.
16 Бурханы үгсийг сонсдог ба
Хамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
Унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүн тунхаглаж байна.
17 Би түүнийг хардаг ч одоо биш.
Би түүнийг үздэг ч ойр биш.
Иаковаас од гарч ирж,
Израилаас очирт таяг босож,
Моабын зах хязгаарыг довтлон дийлж,
Шетийн бүх хөвгүүдийгж сүйрүүлнэ.
18 Едом нь эзлэгдэж,
Сеир ч дайснууддаа эзлэгдэнэ.
Харин Израил цэргийн хүчээ авна.
19 Иаковаас нэгэн ноёрхогч гарч,
Хотоос үлдэгсдийг устгах болно гэв.
20 Тэрээр Амалек руу хараад зүйр зөнгөө хэлжээ.
Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч,
Төгсгөл нь сүйрэл болно гэлээ.
21 Тэрээр Кенийг хараад зүйр зөнгөө хэлжээ.
Чиний сууц бат бөх,
Чиний үүр хадан дээр засагджээ.
22 Гэлээ ч Ашур нь чамайг олзонд байлгах хүртэл
Каин нь тонуулан сүйрнэ гэв.з
23 Тэрээр зүйр зөнгөө хэлжээ.
Бурхан үүнийг хийхэд амьд байгч нэгэн золгүй еэ!
24 Хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж,
Ашурыг мөн Еберийг зовооно.
Ингээд тэд ч бас сүйрнэ гэлээ.
25 Дараа нь Балаам босож өөрийнхөө газар луу салан явсан бөгөөд Балак ч замаараа явав.
- a24:7 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- 24:9 Эх 12:3, 49:9
- b24:17 эсвэл бардам хүчирхийлэгч бүхнийг
- c24:22 Эх бичвэрийн энэ эшлэл тодорхой бус.