Долоон дэнлүү
8 1 ЭЗЭН, Мосетой ярин*
— 2 Ааронтай яриад “Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ” гэж түүнд хэл гэж айлдав. 3 Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав. 4 Дэнлүүний уран хийц нь алтыг давтаж хийсэн бүтээл бөгөөд сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.
Левичүүдийн үйлчлэл ба зориулалт
5 ЭЗЭН, Мосетой дахин ярьж
— 6 Израилын хөвгүүдийн дундаас левичүүдийг авч цэвэршүүл. 7 Тэднийг цэвэршүүлэхийн тулд чи тэдэнд дараахыг хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд биеийнхээ хамаг үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааж, тэгээд цэвэр болно. 8 Тэгээд тэд үхэр сүргийн нэг төлийг, тосонд багсарсан сайн гурилан идээн өргөлийнх нь хамт аваг. Үхэр сүргийн хоёр дахь төлийг чи нүглийн тахилд авагтун. 9 Чи левичүүдийг уулзалтын майхны өмнө авчрагтун. Мөн Израилын хөвгүүдийн хотол түмнийг цуглуул. 10 Чи левичүүдийг ЭЗЭНий өмнө авчирч, Израилын хөвгүүд левичүүдийн дээр гараа тавиг. 11 Левичүүд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхийн тулд Израилын хөвгүүдийн дундаас өргөмжлөх өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна. 12 Левичүүд бухуудын толгой дээр гараа тавихад, левичүүдийн төлөө эвлэрүүлэл хийхийн тулд чи нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн. 13 Чи левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож, тэднийг ЭЗЭНд өргөмжлөх өргөл болгон далла.
14 Ингэж чи левичүүдийг Израилын хөвгүүдийн дундаас салгах ба левичүүд Минийх болно. 15 Үүний дараа левичүүд уулзалтын майханд үйлчлэл хийхээр орж болно. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг өргөмжлөх өргөл болгон өргө. 16 Учир нь тэд Израилын хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Хэвлийг анх нээгч бүрийн оронд, Израилын бүх хөвгүүдийн уугануудын оронд Би тэднийг Өөртөө авсан. 17 Учир нь Израилын хөвгүүдийн дундах, хүн, малын доторх аливаа ууган нь Минийх. Египет нутагт бүх ууганыг устгасан тэр өдөртөө Би тэднийг Өөртөө зориулан ариусгасан болой.* 18 Харин Би Израилын хөвгүүдийн бүхий л ууганы оронд левичүүдийг авсан билээ. 19 Израилын хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилын хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байхын тулд уулзалтын майханд Израилын хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлж, Израилын хөвгүүдийн төлөө эвлэрүүлэл хийлгэхээр Би левичүүдийг Израилын хөвгүүдийн дундаас аваад Аарон ба түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой гэж айлдлаа.
20 Мосе, Аарон болон Израилын хөвгүүдийн хотол түмэн нь бүхэлдээ левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилын хөвгүүд тэдэнд тийнхүү хийв. 21 Левичүүд өөрсдийгөө нүглээс цэвэрлэн, хувцсаа угааж, Аарон тэднийг ЭЗЭНий өмнө өргөмжлөх өргөлөөр өргөв. Аарон тэднийг цэвэршүүлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүлэл хийлээ. 22 Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө уулзалтын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үйлдэв.
23 ЭЗЭН, Мосетой ярин
— 24 Левичүүдийн тухайд хорин тав ба түүнээс дээш насныхан уулзалтын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой. 25 Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаа зогсоох бөгөөд цаашид ажиллаж болохгүй. 26 Харин тэд дүү нартаа уулзалтын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд үүрэгтэй нь холбогдуулан чи ийнхүү үйлдэгтүн гэж айлдав.
- 8:1–4 Гэт 25:31–40, 37:17–24
- 8:17 Гэт 13:2