Пеорын Баалд мөргөсөн нь
25 1 Израил Шиттимд амьдарсан бөгөөд ард түмэн Моабын охидтой садарлаж эхлэв. 2 Тэд бурхдынхаа тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад мөргөжээ. 3 Израил өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлжээ. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилын эсрэг дүрэлзэв. 4 Мосед ЭЗЭН
—Ард түмний бүх удирдагчийг авч, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө дүүжлэгтүн. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилаас эргэх юм гэж айлдав. 5 Мосе Израилын шүүгчдэд
—Та нарын хүн нэг бүр чинь Пеорын Баалтай өөрсдийгөө нийлүүлсэн хүмүүсээ алагтун гэлээ.
6 Тэгтэл харагтун, Израилын хөвгүүдийг уулзалтын майхны үүдэнд уйлж байхад Израилын хөвгүүдийн нэг нь ирж, Мосегийн нүдний өмнө болон Израилын хөвгүүдийн хотол түмний нүдний өмнө ах дүүсийнхээ дунд нэгэн мидиан эмэгтэйг авчрав. 7 Тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа хотол түмний дундаас босож, гартаа жад авав. 8 Тэрээр израил эрийн араас майханд орж, израил эрийг бас эмэгтэйн хэвлийг цоо сүлбэн, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилын хөвгүүд дээр байсан гамшиг зогслоо. 9 Гамшгаар үхэгсэд хорин дөрвөн мянга болжээ.
10 ЭЗЭН, Мосетой ярин
— 11 Би Израилын хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгахгүйн тулд тэдний дунд Миний төлөө хардсанаараа тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас Израилын хөвгүүдээс Миний уур хилэнг эргүүлжээ. 12 Тиймээс “Харагтун, Би түүнд амар тайвны гэрээгээ өгч байна. 13 Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилын хөвгүүдэд эвлэрүүлэл хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв.
14 Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан хүн буюу алуулсан израил эрийн нэр Салугийн хүү Зимри бөгөөд тэрээр Симеоны дунд эцгийн бүлийн удирдагч байв. 15 Алуулсан мидиан эмэгтэйн нэр Козби бөгөөд тэрээр Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүн Зурын охин байлаа.
16 ЭЗЭН, Мосетой ярин
— 17 Мидианчуудтай дайсагнан, тэднийг бут цохь. 18 Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан өөрийн эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэрэг болон Пеорын хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэж айлдлаа.