Ухаагч бяруу шатаах зан үйл
19 1 Дараа нь ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин
— 2 ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг нь энэ болой. Тэрээр “Ямар ч өө сэвгүй, ямар ч согоггүй, буулгад орж байгаагүй ухаагч бярууг та нарт авчрахыг Израилын хөвгүүдэд хэлэгтүн. 3 Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнөa нядлах ёстой. 4 Тахилч Елеазар түүний цуснаас хуруун дээрээ аваад, уулзалтын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа цацлах болой. 5 Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цус болон сэвсийг шатаана. 6 Тахилч хуш мод, балуун болон хүрэн улаан даавууг авч, шатаж буй охин бярууны голд чулуудна. 7 Тэгээд тахилч хувцсаа угаан биеэ усанд булхаад, дараа нь хуаранд орж болно. Тэрээр үдэш болтол бузартсан байна. 8 Бярууг шатаасан хүн нь усанд хувцсаа угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой. 9 Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилын хөвгүүдийн хотол түмний бузрыг зайлуулах усанд зориулан хадгалах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэг болой.* 10 Охин бярууны үнсийг цуглуулсан хүн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилын хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй цагаач хүнд улиран үргэлжлэх зарлиг болой.
11 Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоо хоног бузартсан байх ажгуу. 12 Тэрээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өнөөх усаар өөрийгөө цэвэршүүлснээр цэвэр болно. Гэвч тэр хүн гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өөрийгөө эс цэвэршүүлэх аваас цэвэр болохгүй. 13 Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлана. Тэр хүн Израилаас таслагдах ёстой. Бузрыг зайлуулах ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх бөгөөд бузар нь түүний дээр хэвээр байна.
14 Майхан дотор хүн үхэх үеийн хууль нь ийм билээ. Майханд орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоног бузартсан байх болой. 15 Амыг нь бүтээгээгүй юм уу, уяагүй онгорхой сав бүр бузар болох ажгуу. 16 Мөн илдээр алагдсан нэгэнд хээр талд байхдаа хүрсэн эсвэл үхсэн нэгэнд эсвэл хүний яс, булшинд хүрсэн хэн нэгэн байвал тэр хүн долоо хоног бузартсан байх болно. 17 Бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалт тахилын үнснээс хэсгийг аваад, саванд хийн дээр нь урсгал усыг нэмэх болой. 18 Цэвэр хүн балууныг аваад усанд дүрж, майхан болон бүх тавилга дээр мөн тэнд байсан хүмүүст мөн ясанд эсвэл алагдсан хүнд эсвэл жамаараа үхсэн хүнд эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацална. 19 Цэвэр хүн нь бузартсан хүн дээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр цацлах ёстой. Долоо дахь өдөрт нь тэр өнөөх хүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш гэхэд цэвэр болох болой.
20 Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой. 21 Бузрыг цэвэршүүлэх усыг цацалсан хүн хувцсаа угаах ёстой бөгөөд бузрыг цэвэршүүлэх усанд хүрсэн хүн үдэш болтол бузартсан байна гэдэг нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх зарлиг болох ажгуу. 22 Түүнчлэн бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байна” гэв.
- a19:3 эсвэл Тэр үүнийг хуарангаас гадагш зүүн зүгт аваачин нядална.
- 19:9 Евр 9:13