Йорданы наадах эзэмшил
(Дх 3:12–22)
32 1 Реубений хөвгүүд болон Гадын хөвгүүд маш олон мал сүрэгтэй байлаа. Иазерын нутаг болон Гилеадын нутгийг мал сүрэгт үнэхээр тохирох газар болохыг тэд хараад, 2 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд ирж, Мосе, тахилч Елеазар болон хотол түмний удирдагчдад
— 3 Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон 4 буюу Израилын хотол түмний өмнө ЭЗЭНий эзэлсэн нутаг нь мал сүргийн нутаг билээ. Тэгээд ч зарц нар тань мал сүрэгтэй болой гэв. 5 Тэд
—Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг зарц нартаа эзэмшил болгон өгч биднийг Йорданыг бүү гатлуулаач гэж хэлэв.
6 Харин Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд Мосе
—Та нарыг энд суурьших зуур ах дүүс чинь дайнд явах ёстой гэж үү? 7 ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг руу гатлан явахад нь Израилын хөвгүүдийн зүрхийг та нар юунд мохооно вэ? 8 Би уг нутгийг харуулахаар танай эцгүүдийг Кадеш-Барнеагаас илгээхэд тэд үүнтэй адил зүйлийг хийсэн юм.* 9 Тэд Ешколын хөндий рүү очиж уг нутгийг үзчихээд, Израилын хөвгүүдийн зүрхийг ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг руу явахгүй болтол нь мохоосон. 10 Тэр өдөр ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр тангараглан,* 11 “Египетээс гарч ирсэн хүмүүс Намайг бүрэн дагаагүй тул тэднээс хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковт Миний амласан тэр нутгийг харахгүй. 12 Зөвхөн кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л ЭЗЭНийг бүрэн дагасан учраас тэд харах болно” гэсэн. 13 ЭЗЭНий уур хилэн Израилын эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл үеийнхэн устах хүртэл Тэр тэднийг цөлд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ. 14 Харагтун, нүгэлт хүмүүсийн үр удам аа, та нар Израилын эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо. 15 Хэрэв та нар Түүнийг дагахаас эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөлд хаяж орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.
16 Тэд түүнд ойртон ирж
—Бид энд мал сүрэгтээ хонины хашаа хороо, багачууддаа хот барьж босгох болно. 17 Харин бид Израилын хөвгүүдийг нутагт нь аваачих хүртлээ зэвсэглээд Израилын хөвгүүдийн өмнө явахад бэлэн байна. Тэр хооронд манай багачууд уг нутгийн оршин суугчдын улмаас бэхлэгдсэн хотуудад амьдарч байх болно. 18 Израилын хөвгүүд, хүн нэг бүр өөрийн өвийг эзэмштэл бид гэр орондоо буцахгүй. 19 Йорданы чанадад буюу зүүн зүгт бидэнд өв маань ирсэн учир Йорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй гэв. 20 Мосе тэдэнд
—Хэрэв та нар үүнийг хийвэл, дайнд явахаар ЭЗЭНий өмнө зэвсэглэж, 21 ЭЗЭН дайснуудаа өмнөөсөө хөөн зайлуулах хүртэл танай зэвсэглэсэн эрчүүд бүгд ЭЗЭНий өмнө Йорданыг гатлан явж, 22 ЭЗЭНий өмнө тэр нутаг дийлэгдэх аваас дараа нь та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилын өмнө гэмгүй байх болно. Энэ нутаг ч ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм. 23 Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй. 24 Багачууддаа хот, хониндоо хашаа хороо барьж босгон, амласан зүйлээ хийгтүн гэлээ.
25 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд Мосетой ярин
—Боолууд тань эзнийхээ тушаасан ёсоор хийх болно. 26 Бидний багачууд, эхнэрүүд, бидний бог малын сүрэг болон бүх үхэр сүрэг маань энд Гилеадын хотуудад үлдэнэ. 27 Харин эзнийхээ хэлсэн ёсоор таны боолууд, хүн бүр маань дайнд зэвсэглээд тулалдахаар ЭЗЭНий оршихуйд гатлан явах болно гэлээ.
28 Мосе тэдний тухай тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилын хөвгүүдийн овгууд дахь эцгүүдийн бүлийн тэргүүн нарт тушаал өгөв.* 29 Мосе тэдэнд
—Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд, хүн бүр нь тулаанд зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Йорданыг гатлаад, уг нутаг та нарт дийлэгдэх аваас та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн. 30 Харин тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канаан нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно гэв. 31 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд хариулан
—Таны боолуудад ЭЗЭНий айлдсан ёсоор бид хийх болно. 32 Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутагт гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Йорданы чанадад бидэнд үлдэх болно гэлээ.
33 Ингээд Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд болон Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлалыг мөн Башаны хаан Огийн хаанчлалыг, тэдний хотууд болон нутаг дэвсгэрийг, эргэн тойрон дахь газрын хотуудтай нь хамт Мосе өгөв. 34 Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер, 35 Атрот-Шофан, Иазер, Иогбеха, 36 Бет-Нимра, Бет-Харан буюу бэхлэлт хотуудыг барьж, хониндоо хашаа хороо босгов. 37 Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим, 38 Небо, Баал-Меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан бөгөөд барьсан хотууддаа өөр нэрс өгөв. 39 Манассегийн хүү Махирын хөвгүүд Гилеад руу явж, түүнийг эзлэн, тэнд байсан аморичуудыг зайлуулав. 40 Манассегийн хүү Махирт Мосе Гилеадыг өгч, тэр тэнд амьдрав. 41 Манассегийн хүү Иаир явж, тэндхийн суурингуудыг эзлэн, тэдгээрийг Хаввот-Иаир гэж нэрлэв. 42 Ноба явж Кенат ба түүний гацаануудыг эзлээд өөрийнхөө нэрээр Ноба гэж нэрлэв.
- 32:8–9 Тоо 13:17–33
- 32:10–13 Тоо 14:26–35
- 32:28–32 Иош 1:12–15