Зелофехадын охидын гэрлэлт

36 1 Иосефын хөвгүүдийн ургаас Манассегийн хөвгүүн Махирын хүү Гилеадын хөвгүүдийн ургийн эцгийн бүлийн тэргүүн нар ойртон ирж, Мосе болон Израилын хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүн нар болох удирдагчдын өмнө ярин
2 Израилын хөвгүүдэд өв болгон уг нутгийг шавгаар хуваан өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань тушаасан болой.* 3 Харин тэд Израилын хөвгүүдийн бусад овгийн хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний байх овгийн өвд нэмэгдэх бөгөөд бидэнд шавгаар ногдсон өвөөс авагдах болно. 4 Израилын хөвгүүдийн эвэр бүрээдэлт болох үед тэдний өв өөрсдийнх нь буй овгийн өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэж ярив.
5 Тэгэхэд Мосе Израилын хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан
—Иосефын хөвгүүдийн овгийнхон зөв зүйтэй ярьж байна. 6 Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Гэхдээ зөвхөн тэд эцгийнхээ овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”. 7 Израилын хөвгүүд тус бүр эцэг өвгөдийнхөө овгийн өвд баригдах учир Израилын хөвгүүдийн өв ийнхүү овгоос овогт шилжих ёсгүй. 8 Израилын хөвгүүдийн хүн тус бүр эцэг өвгөдийнхөө өвийг эзэмшиж байхын тулд Израилын хөвгүүдийн аливаа овогт өв эзэмшигч охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой. 9 Израилын хөвгүүдийн овог тус бүр өөрийн өвд баригдах ёстой учраас ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжих ёсгүй гэв.
10 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Зелофехадын охид үйлдэв. 11 Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид нагац, авгуудынхаа хөвгүүдтэй гэрлэв. 12 Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.
13 Эдгээр нь Иерихогийн харалдаа, Йорданы дэргэдэх Моабын талд Мосегоор дамжуулан Израилын хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал, шийдвэрүүд юм.


  • 36:2 Тоо 27:7