Синаид Алгасалыг сахив

9 1 Тэднийг Египет нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН, Мосетой ярин*
2 Израилын хөвгүүдээр тогтоогдсон цагт нь Алгасалыг сахиул. 3 Уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх зарлиг, бүх тогтоомжийнх нь дагуу сахигтун гэлээ. 4 Мосе Израилын хөвгүүдэд Алгасалыг сахих тухай хэлэв. 5 Тэд Синаин цөлд байхдаа эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр Алгасалыг сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүгдийг Израилын хөвгүүд ёсчлон хийжээ. 6 Гэтэл үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэр өдөр Алгасалыг сахиж чадсангүй. Тиймээс тэд Мосе, Аарон нарын өмнө тэр өдөр ирээд, 7 тэд түүнд
—Бид үхсэн хүнээс болж бузартсан. Гэвч Израилын хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг юунд бидэнд хориглов? гэлээ. 8 Мосе тэдэнд
—Байж бай. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.
9 ЭЗЭН, Мосетой ярин
10 Израилын хөвгүүдэд “Үхсэн хүнээс болж бузар болсон эсвэл холын аянд явж байгаа, та нарын мөн үр удмын чинь хэн нь ч ЭЗЭНд Алгасалыг сахиж болно. 11 Тэд үүнийг хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр сахиж, үүнийг исгээгүй талх, гашуун ногоотой хамт идэх ёстой. 12 Тэд өглөө болтол үүнээс юуг ч үлдээх ёсгүй бөгөөд ясыг нь хугалж болохгүй. Алгасалын бүх зарлигийн дагуу тэд үүнийг сахих ёстой.* 13 Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ. 14 Хэрэв та нарын дунд түр амьдарч байгаа суугуул хүн ЭЗЭНд Алгасалыг сахих аваас тэр үүнийг Алгасалын зарлиг, хууль журмынх нь дагуу хийх ёстой. Суугуул хүн ч, нутгийн уугуул хүн ч ялгаагүй, та нар нэг л зарлигтай байх ёстой” гэж хэл хэмээн айлдлаа.

Үүл ба гал
(Гэт 40:34–38)

15 Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл асрын дээр гал мэт үзэгдэв. 16 Энэ нь тийнхүү үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа. 17 Асрын дээрээс үүл дээшлэх болгонд Израилын хөвгүүд хөдөлж, үүл буун тогтсон газарт Израилын хөвгүүд буудаллаж байв. 18 ЭЗЭНий тушаалаар Израилын хөвгүүд аянд гарч, ЭЗЭНий тушаалаар тэд буудалладаг байв. Үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа. 19 Үүл асрын дээр олон хоногоор саатахад Израилын хөвгүүд ЭЗЭНий журам зааврыг сахин, аянд гардаггүй байв. 20 Зарим үед үүл асрын дээр хэдэн хоногоор саатах аваас тэд ЭЗЭНий тушаалаар буудаллан үлддэг бөгөөд ЭЗЭНий тушаалаар аянд гардаг байлаа. 21 Зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл өргөгдөх аваас тэд хөдөлдөг байв. Үүл өдрөөр эсвэл шөнөөр, хэзээ өргөгдөнө тэр үед тэд аянд гардаг байв. 22 Хоёр өдрөөр эсвэл сараар эсвэл жилээр ч үүл асрын дээр саатаж тэнд байхад Израилын хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд аянд гардаггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд аянд гардаг байлаа. 23 Тэд ЭЗЭНий тушаалаар буудаллаж, ЭЗЭНий тушаалаар аянд гардаг байв. Мосегоор дамжсан ЭЗЭНий тушаалаар тэд ЭЗЭНий журам зааврыг сахидаг байлаа.


  •  9:1–5 Гэт 12:1–13
  • 9:12 Гэт 12:46; Иох 19:36