Левичүүдийн хот

35 1 Иерихогийн харалдаах Йорданы дэргэд, Моабын талд ЭЗЭН, Мосетой ярин*
2 Эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг Израилын хөвгүүдэд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээрийг нь бас өг. 3 Хотууд нь тэдний амьдран суух газар болох бөгөөд бэлчээрүүд нь тэдний үхэр сүрэг, эд зүйлс хийгээд бүх мал амьтных нь болох юм. 4 Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээр хотын хэрмээс гадагш тойруулан мянган тохой байх ёстой. 5 Та нар төвд нь хотыг оруулан хотоос гадагшаа зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг хэмжигтүн. Энэ нь тэдний хотуудын бэлчээр нутаг болой.
6 Левичүүдэд та нарын өгөх хотууд дотроос, хүн алсан нэгнийг зугтан очиход зориулан өгөх зургаан хоргодох хот байх болой. Тэдгээрт нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өг. 7 Левичүүдэд та нарын өгөх бүх хот нь бэлчээр нутгийнхаа хамт дөчин найман хот байх болой. 8 Израилын хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд, та нар ихтэйгээс ихийг авч, багатайгаас багыг авч өг. Овог бүр өвлөх эзэмшлийнхээ дагуу левичүүдэд хотуудаасаа өгөх ёстой гэж айлдлаа.

Хоргодох хотууд
(Дх 19:1–13; Иош 20:1–9)

9 Дараа нь ЭЗЭН, Мосетой ярин
10 Израилын хөвгүүдтэй ярьж, тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар Йорданыг гатлан Канаан нутагт орох үедээ, 11 хоргодох хот чинь болох хотуудыг өөрсдөдөө сонгон авагтун. Тэгвэл санамсаргүйгээр хүн алсан алуурчин нь тийшээ зугтах юм. 12 Хүн алсан нэгэн нь хотол түмний өмнө шүүгдэхээр зогсохоосоо өмнө үхэхгүйн тулд тэр хотууд та нарт өшөө авагчаас хоргодох газар болно.
13 Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх ёстой. 14 Та нар гурван хотыг Йорданы чанадад, гурван хотыг Канаан нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой. 15 Санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн тийш зугтан очихын тулд энэ зургаан хот Израилын хөвгүүдэд ч мөн тэдний дунд буй суугуул хүн, түр суугчид ч хоргодох газар болог.

Алуурчин ба цусан өшөө

16 Хэрэв нэг нь нөгөөгөө төмөр зүйлээр цохисноос болж өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 17 Хэрэв хүнийг үхүүлж болохоор чулуу гартаа барин нэг нь нөгөөгөө цохиж, өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 18 Эсвэл хүнийг үхүүлж болохоор модон багаж гартаа барин нэг нь нөгөөгөө цохиж, өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 19 Цусан өшөө авагч өөрөө уг алуурчныг ална. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг ална. 20 Хэрэв үзэн ядсанаас болж нэг нь нөгөөгөө түлхэх эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн рүү шидэж, өнөөх хүн нь үхэх аваас 21 эсвэл өс хонзон санан түүнийг гараараа цохих үед өнөөх хүн нь үхэх аваас түүнийг цохисон хүн нь алуурчин мөн тул заавал үхэх ёстой. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг ална.
22 Харин нэг нь нөгөөгөө өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн рүү шидсэн 23 эсвэл түүнийг харалгүй, хүнийг үхүүлж болохоор чулууг дээрээс нь унагаснаас болж өнөөх хүн үхэх аваас тэр түүний дайсан байгаагүй, түүнд хор хүргэх гээгүй учраас 24 хүн алсан хүн болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр хууль цаазын дагуу хотол түмэн шүүх ёстой. 25 Алуурчныг цусан өшөө авагчийн гараас хотол түмэн аварч, зугтан очсон хоргодох хотод хотол түмэн үүнийг буцаах ёстой. Тэр хүн, ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг өөд болтол тэнд амьдрах ажгуу. 26 Хэрэв алуурчин өөрийн зугтан очсон хоргодох хотынхоо хилээс гадагш гарахад, 27 цусан өшөө авагч нь хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, алуурчныг албал цусны буруутан болохгүй. 28 Учир нь тэргүүн тахилчийг өөд болтол тэрээр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг өөд болсны дараа алуурчин эзэмшил нутагтаа буцаж болно. 29 Энэ зүйлс та нарын хамаг үеийнхэнд, амьдрах газар бүрд чинь хууль ёсны зарлиг байх болтугай.
30 Хэрэв хэн нэгэн нь хүн албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн үгээр ямар ч хүнийг алах ёсгүй.* 31 Түүнчлэн, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой. 32 Мөн хоргодох хот руугаа зугтсан хүнд тахилчийг өөд болохоос өмнө нутагтаа амьдрахаар буцахыг зөвшөөрөн түүний төлөө та нар золиос авч болохгүй. 33 Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузарладаг бөгөөд газар дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байхгүй. 34 Дунд нь Би оршин, дотор нь та нар амьдрах нутгийг та нар бүү бузарла. Учир нь ЭЗЭН Би Израилын хөвгүүдийн дунд оршин байна” гэж айлдлаа.


  • 35:1–8 Иош 21:1–42
  • 35:30 Дх 17:6, 19:15