Израилын түүхийн сануулга

10 1 Ах дүү нар аа, та нар үүнийг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Эцгүүд маань бүгд үүлэн доор байж, бүгд тэнгисийг гатлан гарч,* 2 бүгд үүл ба тэнгист Мосе руу баптисм хүртэж, 3 бүгд адилхан сүнслэг хоол идэж,* 4 бүгд адилхан сүнслэг ундааг ууж байсан. Тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд ундаалсан ба тэр хад нь Христ байв.* 5 Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм.* 6 Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм.* 7 Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Ард түмэн идэж уухаар сууж, цэнгэн зугаацахаар бослоо” гэж бичигдсэн байна.* 8 Тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянгуулаа үхсэн болохоор тэдний адилаар садар самууныг бид эс үйлдье.* 9 Тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн болохоор Христийгa бид тэдэн шиг үл сорьё.* 10 Тэдний зарим нь гомдоллон гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор бид тэдэн шиг гомдол гонгиноон хийхгүй байя.* 11 Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. 12 Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил. 13 Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжтэй бөгөөд Тэр та нарыг хэрээс чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын чинь төлөө сорилттой хамт мөн гарцыг ч өгнө.
14 Тиймд хайртууд минь ээ, шүтээн шүтлэгээс зайл. 15 Ухаалаг хүмүүст хэлдгийн адил би хэлье. Хэлснийг минь та нар шүүцгээ. 16 Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү?* 17 Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг. 18 Махбодын дагуух Израилыг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээн дээрхээс хуваалцагч биш үү?* 19 Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд өргөсөн юмс нь юу юм, шүтээн нь юу юм? 20 Тэгээд ч тахидаг юмсыг тэд Бурханд [өргөдөг] бус, харин чөтгөрүүдэд өргөдөг юм. Тиймээс та нарыг чөтгөрүүдийнхээс хуваалцагч болоосой гэж би хүсэхгүй байна.* 21 Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй. 22 Бид Эзэний харыг хөдөлгөх гэж үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм уу?*

Бүхнийг Бурханы алдрын төлөө үйлд

23 “Бүх юм зөвшөөрөгддөг” харин бүгд тустай биш. “Бүх юм зөвшөөрөгддөг” харин бүгд босгон байгуулдаггүй.* 24 Хэн ч өөрийнхийг бус, харин бусдынхыг эрэг. 25 Махны зах дээр зарагддаг аливаа юмсыг мөс чанарын асуулт тавилгүйгээр ид. 26 “Учир нь газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн нь Эзэнийх юм.”* 27 Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл мөс чанарын асуулт тавилгүйгээр, өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид. 28 Хэрэв хэн нэгэн та нарт “Энэ нь шүтээнд тахисан мах” гэвэл та нар хэлж өгсөн хүний төлөө мөн мөс чанарын төлөө тэрийг нь битгий ид. 29 Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Гэвч яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ? 30 Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ тухайд муу хэлэгдэх гэж? 31 Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. 32 Иудейчүүдэд ч, грекчүүдэд ч, Бурханы чуулганд ч бүү саад учруул. 33 Над шиг бай. Би олныг аврагдаасай гэсэндээ өөрийн бус олны ашгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.


  •  10:1 Гэт 13:21–22, 14:22–29
  • 10:3 Гэт 16:35
  • 10:4 Гэт 17:6; Тоо 20:11
  • 10:5 Тоо 14:29–30
  • 10:6 Тоо 11:4
  • 10:7 Гэт 32:6
  • 10:8 Тоо 25:1–18
  • a10:9 Зарим гар бичмэлд: Бурханыг
  • 10:9 Тоо 21:5–6
  • 10:10 Тоо 16:41–49
  • 10:16 Мт 26:26–28; Мк 14:22–24; Лк 22:19–20
  • 10:18 Лев 7:6
  • 10:20 Дх 32:17 (LXX)
  • 10:22 Дх 32:21
  • 10:23 1Ко 6:12
  • 10:26 Дуу 24:1