Хайрын бэлэг
13 1 Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлүүдээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. 2 Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш.* 3 Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаарa тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм.
4 Хайр тэвчээртэй, энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр бардамнадаггүй, ихэрхдэггүй, 5 зүй бус авирладаггүй, хувиа боддоггүй,b зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, 6 зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, 7 бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.
8 Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг алга болно, хэлүүд зогсоно, мэдлэг алга болно. 9 Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. 10 Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно. 11 Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм. 12 Түүнчлэн бид одоогоор толинд бүдэг бадаг хардаг ч, дараа нь нүүр нүүрээ харах болно. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно. 13 Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.
- 13:2 Мт 17:20, 21:21; Мк 11:23
- a13:3 Зарим гар бичмэлд: гаргуунд нь гаргасан ч
- b13:5 эсвэл өөрийнхөөрөө зүтгэдэггүй