Гэрлэлтийн тухайд
7 1 “Эм хүнд хүрэхгүй байх нь эр хүнд зүгээр” гэж та нарын бичсэнa асуудлын тухайд гэвэл 2 садарлахгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эм хүн бүр нөхөртэй байг. 3 Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө үүргээ биелүүлэг. 4 Эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин нөхөрт нь байна. Үүнчлэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна. 5 Өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагаас бусад үед нэг нэгнээсээ бүү холд. Дараа нь дахин хамт бай. Та нарыг биеэ барьж тэвчихгүйгээр чинь Сатан бүү уруу татаг. 6 Харин үүнийг би тушаал бус зөвшөөл болгон хэллээ. 7 Бүх хүн над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг.
8 Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүсийн тухайд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлье. 9 Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь дээр. 10 Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан надаас биш Эзэнээс тушааж байна.* 11 (Хэрэв салсан бол дахин гэрлэхгүй байг эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хаяж болохгүй. 12 Харин бусдад нь хандаж Эзэн биш, би хэлэхэд, ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү хая. 13 Хэрэв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад, нөхөр нь өөртэй нь амьдрахыг хүсвэл нөхрөө бүү хая. 14 Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Эс бөгөөс та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж. 15 Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ийм тохиолдолд ах, эгч, дүү нар хүлэгдэх хэрэггүй. Бурхан та нарыг амар амгаланд дуудсан юм. 16 Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?
Эзэний тогтоосон амьдрал
17 Харин хүн бүр Эзэний тогтоож өгснөөр, хүн бүрийг Бурхан хэрхэн дуудсан тэр ёсоор яваг. Би бүх чуулганд ийнхүү зааварчилдаг. 18 Хозлуулсныхаа дараа дуудагдсан уу? Тэр нь хозлуулснаараа байг. Хозлуулаагүй нь дуудагдсан уу? Тэр нь бүү хозлуул. 19 Хозлуулах нь юу ч биш, хозлуулахгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм. 20 Хүн бүр дуудагдсан үеийнхээ байдлаар үлдэг. 21 Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Чи чөлөөлөгдөх боломжтой бол түүнийгээ ашигла.b 22 Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан хүн нь Эзэний чөлөөт хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан нь Христийн боол мөн. 23 Та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бол. 24 Ах дүү нар аа, ямар байхдаа дуудагдсан, түүн дотроо Бурхантай хамт үлд.
Гэрлээгүй ба бэлэвсэн хүмүүс
25 Онгон бүсгүйчүүдийн талаар Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсны хувьд саналаа хэлье. 26 Тэгэхлээр миний бодоход өнөөгийн зовлон гачаалын учир, байсан хэвээрээ байх нь хүмүүнд сайн аж. 27 Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэртэй холбогдоогүй юу? Эхнэр бүү хай. 28 Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Онгон бүсгүй гэрлэх аваас нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч тэд махбоддоо төвөгтэй болно. Би та нарыг гамнамаар байна. 29 Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй нь эхнэргүй мэт, 30 уйлж буй нь уйлаагүй мэт, баярлаж буй нь баярлаагүй мэт, худалдан авч буй нь өмчлөөгүй мэт, 31 энэ ертөнцийг ашиглаж буй нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт бай. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна. 32 Та нарыг санаагаа зовоохгүй байхыг би хүсдэг. Гэрлээгүй нь Эзэнд яаж таалагдах вэ гэж Эзэний юмст санаа тавьдаг. 33 Харин гэрлэсэн нь эхнэртээ яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг бөгөөд 34 тэрээр хуваагддаг юм. Гэрлээгүй ба онгон бүсгүй нь бие болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмст санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг. 35 Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд зохистой байдлаар мөн сатааралгүйгээр Эзэнд үнэнч байхын чинь төлөө үүнийг хэлж байна.
36 Хэрэв хэн нэгэн нь онгон бүсгүйдээ зүй бус хандлаа гэж бодож байгаа бол, тэр бүсгүй нь насанд хүрсэн бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүссэнээ хийг. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг. 37 Харин хэн зүрхэндээ бат зогсож, ингэх шаардлагагүй хэмээн хүслээ захирч, онгон бүсгүйгээ хэвээр нь байлгахаарc зүрхэндээ шийдсэн байна, тэрээр сайныг үйлдэж буй хэрэг.d 38 Тиймээс тэрээр гэрлэвэл сайн,e эс гэрлэвэлf бүр л сайн биз.
39 Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбогдсон байдаг. Нөхөр нь нойрсвол тэр эмэгтэй хүссэнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Гэхдээ зөвхөн Эзэн дотор. 40 Харин миний саналаар тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ерөөлтэй. Надад ч бас Бурханы Сүнс буй гэж би боддог.
- a7:1 Зарим гар бичмэлд: та нарын бичсэн гэсэн үг байхгүй.
- 7:10–11 Мт 5:32, 19:9; Мк 10:11–12; Лк 16:18
- b7:21 эсвэл чамд чөлөөтэй болох боломж байсан ч боол хэвээр сайныг үйлдэхийг сонгох нь дээр.
- c7:37 эсвэл бүсгүйгээ гэрлэхийг зөвшөөрөхгүй байхаар
- d7:37 эсвэл бүсгүйгээ гэрлэхийг зөвшөөрөх нь сайн
- e7:38 эсвэл бүсгүйгээ гэрлүүлбэл
- f7:38 эсвэл бүсгүйгээ эс гэрлүүлэх аваас