Коринтын чуулган дахь хагарал
3 1 Ах дүү нар аа, би та нартай сүнслэг хүмүүстэй ярьж буй мэтээр ярьж эс чадлаа. Харин махбодын хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан. 2 Тэр үед та нар чадваргүй байсан тул би та нарт бор хоол бус сүү өгсөн. Гэтэл одоо ч та нар чадваргүй байгаа нь* 3 махбодынхоо дагуу явсаар байгаагийнх. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишгийн дагуу байгаагийнх биш үү? 4 Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэснээрээ та нар хүнийхээрээ л байгаа хэрэг бус уу?* 5 Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тэд бол Эзэнээс тус бүрд нь өгөгдсөний дагуу үйлчилдэг Эзэний үйлчлэгчид бөгөөд та нар тэднээр дамжуулан итгэсэн. 6 Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.* 7 Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг Бурхан нь чухал. 8 Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөр зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно. 9 Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн.
10 Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаараг. 11 Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. 12 Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал 13 ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. 14 Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна. 15 Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсана. Тэр өөрөө харин гал дундуур гарсан мэт байх ч аврагдана. 16 Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?* 17 Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.
18 Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог. 19 Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ тухайд “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.* 20 Мөн “Цэцдийн эргэцүүлэл нь дэмий хоосон гэдгийг Эзэн мэддэг”* гэжээ. 21 Тиймээс хэн ч хүмүүсээр бүү сайрхаг. Бүх юм та нарынх. 22 Паул ч, Апол ч, Кеф ч, ертөнц ч, амь ч, үхэл ч, одоо ч, ирээдүй ч бүгд та нарынх аж. 23 Харин та нар Христийнх бөгөөд Христ Бурханых мөн.
- 3:2 Евр 5:12–13
- 3:4 1Ко 1:12
- 3:6 Үйл 18:4–11,24–28
- 3:16 1Ко 6:19; 2Ко 6:16
- 3:19 Иов 5:13
- 3:20 Дуу 94:11