Сүнслэг бэлгүүд

12 1 Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар мэдлэггүй байхыг чинь би хүсэхгүй байна. 2 Та нар харийнх байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ. 3 Тиймээс Бурханы Сүнсээр ярьдаг хэн ч “Есүс хараагдсан” гэхгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье.
4 Бэлгүүд нь ялгаатай ч Сүнс нь ижил.* 5 Үйлчлэлүүд нь ялгаатай ч Эзэн нь адил. 6 Үйлдлүүд нь ялгаатай ч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөнөөх л Бурхан юм. 7 Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж. 8 Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд 9 өөр нэгэнд нь итгэлийг мөнөөх Сүнсээр, нөгөөд нь эдгээх бэлгийг нэг л Сүнсээр өгсөн, 10 өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүллэг, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэл, өөр нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. 11 Энэ бүхнийг мөнөөх л нэг Сүнс ажиллуулдаг бөгөөд Өөрийн тааллаар хүн тус бүрд хуваарилан өгдөг.

Олон эрхтэн бүхий нэгэн бие

12 Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ.* 13 Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие рүү баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм. 14 Учир нь биеийн эрхтэн ганц биш, харин олон. 15 Хөл “Би гар биш тул биеийнх биш” гэвэл ингэлээ гээд тэр биеийнх биш болохгүй. 16 Чих “Би нүд биш тул биеийнх биш” гэвэл ингэлээ гээд тэр биеийнх биш болохгүй шүү дээ. 17 Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ? 18 Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ. 19 Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? 20 Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. 21 Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж, эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. 22 Бүр мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг. 23 Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн эрхтнүүдээ бид илүү эрхэмлэн хувцасладаг бөгөөд хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг. 24 Бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүдэд энэ нь хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг. 25 Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм. 26 Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.
27 Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм. 28 Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг, эдгээх бэлэг, мөн туслах, удирдах ба олон төрлийн хэлээр ярих чадварыг соёрхжээ.* 29 Бүгд элч нар уу? Бүгд эш үзүүлэгчид үү? Бүгд багш нар уу? Бүгд гайхамшгийг үйлдэгсэд үү? 30 Бүгд эдгээх бэлэгтэй юү? Бүгд хэлүүдээр ярьдаг уу? Бүгд үүнийг нь тайлбарладаг гэж үү? 31 Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн.
Би та нарт илүү давуу замыг харуулъя.


  • 12:4–11 Ром 12:6–8
  • 12:12 Ром 12:4–5
  • 12:28 Еф 4:11
  • 13:2 Мт 17:20, 21:21;