Итгэгчдийн дундах зарга

6 1 Та нараас хэн нэг нь хөршийнхөө эсрэг заргатай бол тэрээр ариун хүмүүсийн өмнө бус, харин зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлнэ гэж үү? 2 Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Ертөнц ч та нараар шүүгдэх байтал та нар багахан хэргийг шүүх чадваргүй юу? 3 Бид тэнгэрэлч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх байна уу? 4 Хэрэв та нарт энэ амьдралын шүүхийн хэрэг зарга байгаа бол чуулганы хувьд хүндэтгэл хүлээгээгүй хүмүүсээр үүнийгээ шүүлгэнэ гэж үү? 5 Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дунд ах дүүсийнхээ хоорондохыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч алга уу? 6 Ах дүү нь ах дүүтэйгээ, тэр тусмаа үл итгэгсдийн өмнө шүүхдэх гэж үү? 7 Бие биетэйгээ шүүхдэж буй нь та нарын хувьд аль хэдийн ялагдал болжээ. Ингэснээс яагаад буруутгагдаж болохгүй гэж? Яагаад луйвардуулж болохгүй гэж? 8 Гэтэл та нар өөрсдөө, бүр ах дүүсээ хүртэл буруутгаж, луйварддаг аж. 9 Зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар ер нь мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгд. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, 10 хулгайч нар ч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. 11 Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, зөвтгөгдсөн.

Бие ба сүнсээрээ Бурханыг алдаршуул

12 “Надад бүх юм зөвшөөрөгддөг” гэсэн ч бүх юм тустай биш. “Надад бүх юм зөвшөөрөгддөг” гэсэн ч би юугаар ч эзэмдүүлэхгүй.* 13 “Хоол нь ходоодонд, ходоод нь хоолонд зориулагджээ.” Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садарлалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн нь биед ажээ. 14 Эзэнийг Бурхан амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээр амилуулна. 15 Биес чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй. 16 Янхантай нийлсэн нь түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юү? Учир нь “Хоёр нь нэг махбод болно” гэсэн юм.* 17 Харин Эзэнтэй нийлсэн нь Түүнтэй нэг сүнс болой. 18 Садар самуунаас зугт. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг. 19 Та нарын бие бол Бурханаас өгөгдсөн, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдөө өөрсдийнх биш бөгөөд* 20 Бурхан та нарыг үнэтэйгээр худалдан авсан. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул.


  • 6:12 1Ко 10:23
  • 6:16 Эх 2:24
  • 6:19 1Ко 3:16; 2Ко 6:16