Чуулганыг садар самуун бузарладаг
5 1 Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.* 2 Та нар ихэрхүү болж, ийм зүйлийг үйлдэгч нь дундаас чинь зайлуулагдахын төлөө та нар гашуудсангүй. 3 Миний хувьд, би биеэрээ байгаагүй ч, сүнсээрээ та нартай хамт байж, үүнийг үйлдэгчийг дунд чинь байгаа мэт хэдийн шүүсэн юм. 4 [Бидний] Эзэн Есүсийн нэрээр цуглахад чинь би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр 5 махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм. 6 Та нарын сайрхал чинь сайн юм биш. Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү?* 7 Тиймээс та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хургаa маань болох Христ нядлуулсан.* 8 Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба хорон муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баяраа тэмдэглэе.*
Ёс бусыг шүүх ёстой
9 Садарлагчидтай холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ, 10 энэ ертөнцийн садарлагчид эсвэл шунахайрагчид эсвэл дээрэмчид эсвэл шүтээн шүтэгчидтэй холбогдож болохгүй гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцөөс гарч явах ёстой болно. 11 Харин одоо би та нарт, ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садарлагч эсвэл шунахайрагч эсвэл шүтээн шүтэгч эсвэл хараалч эсвэл архичин эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй, хамт хооллож ч болохгүй тухай бичиж байна. 12 Гадна байгсдыг шүүх хэрэг надад юу байх билээ? Харин дотор байгсдыг та нар шүүдэг биш үү? 13 Гадна байгсдыг Бурхан шүүдэг. Тиймээс “Хилэнцэт хүнийг дундаасаа зайлуул.”*
- 5:1 Дх 22:30
- 5:6 Гал 5:9
- a5:7 Алгасал баяраар хурганы махыг исгүүргүй бинтэй хольж иддэг заншилтай зүйрлүүлэн хэлж байна.
- 5:7 Гэт 12:5
- 5:8 Гэт 13:7; Дх 16:3
- 5:13 Дх 13:5, 17:7 (LXX)