Христ цовдлогдсоныг тунхаглах нь

2 1 Ах дүү нар аа, та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаар Бурханы нууцыгa тунхаглаж очоогүй. 2 Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм. 3 Тиймээс та нартай хамт байхдаа би мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор байсан.* 4 Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь 5 итгэлийг чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байлгах гэснийх юм.

Бурханаас ирэх мэргэн ухаан

6 Төлөвшсөн хүмүүсийн дунд бид мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, арилж одох энэ үеийн удирдагчдынхыг ч бус, 7 харин бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан Өөрөө урьдаас тогтоож, нууц дотор нуусан Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. 8 Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд мэдсэн бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан. 9 Гэвч
“Нүд үзээгүй, чих сонсоогүй,
Хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг
Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ”
гэж бичигдсэн ёсоор болжээ.* 10 Бурхан үүнийг бидэнд Сүнсээр илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажээ. 11 Хүний бодлыг доторх сүнснээс нь өөр хэн мэдэх билээ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ. 12 Бурханы бидэнд бэлэглэсэн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханы Сүнсийг хүлээн авсан юм. 13 Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургасан үгээр ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэг хүндb тайлбарладаг юм. 14 Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр тунгаан цэгнэх учиртай зүйлсийг тэр мэдэж чадахгүй. 15 Сүнслэг хүн нь бүхнийг шүүн цэгнэдэг байхад түүнийг харин хэн ч шүүн цэгнэж чадахгүй. 16 Тэгээд ч
“Хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ?
Хэн Түүнд зааварлах вэ?”*
гэсэн байдаг. Бидэнд харин Христийн оюун ухаан бий.


  • a2:1 эсвэл Бурханы нууц үнэнийг Зарим гар бичмэлд: Бурханы тухай баталгааг
  • 2:3 Үйл 18:9
  • 2:9 Иса 64:4
  • b2:13 эсвэл Сүнсээр өгөгдсөн үгээр
  • 2:16 Иса 40:13 (LXX)