11 1 Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.*

Толгойн бүтээлэг

2 Та нар бүх зүйл дээр намайг санаж, миний дамжуулж өгсөн уламжлалуудыг чанд сахидаг тул та нарыг би магтъя. 3 Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. 4 Залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм. 5 Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм. 6 Хэрэв эм хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эм хүнд ичгэвтэр байвал тэр толгойгоо бүтээг. 7 Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эм хүн эр хүний алдар юм.* 8 Учир нь эр хүн эм хүнээс бус, харин эм хүн эр хүнээс бий болсон.* 9 Түүнчлэн эр хүн эм хүний төлөө бус, харин эм хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм. 10 Тиймээс тэнгэрэлч нарын улмаас эм хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. 11 Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм. 12 Учир нь эм хүн эр хүнээс буй болсончлон эр хүн эм хүнээс төрдөг. Харин бүгд Бурханаас болой. 13 Эм хүн толгойгоо бүтээлгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ. 14 Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу? 15 Эм хүн урт үстэй бол энэ нь түүнд алдар бус уу? Учир нь үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ. 16 Хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс бидэнд ч, Бурханы чуулгануудад ч үгүй билээ.

Эзэний зоог дээрх зохисгүй байдал

17 Та нар хамтдаа цуглаад сайжрах бус харин муудсан тул энэ зааврыг өгөхдөө би та нарыг сайшаахгүй. 18 Юуны өмнө, та нар чуулгандаа цуглахдаа хагаралтай байгааг чинь би сонслоо. Зарим талаар би үүнд үнэмшиж байна. 19 Мэдээж та нарын дунд шалгарсан хүмүүс тодрохын тулд дунд чинь бүлэглэлүүд үүсэх нь зайлшгүй. 20 Гэхдээ та нар хамтдаа цугладаг ч Эзэний зоогийн төлөө биш ажээ. 21 Учир нь идэх болоход хүн бүр өөрийнхөө хоолыг урьтаад авчихдаг бөгөөд нэг нь өлсөж байхад нөгөө нь согтуурч байдаг аж. 22 Та нарт идэх уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнээ ичээж байна уу? Та нарт би юу хэлэх вэ? Та нарыг би магтах уу? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй.

Эзэний зоогийн ёс

23 Яагаад гэвэл та нарт дамжуулсан зүйлээ би Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, 24 талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. 25 Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн.* 26 Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.

Эзэний зоогийн зохисгүй оролцогч

27 Тиймд хэн нэгэн нь зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно. 28 Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг. 29 Учир нь идэж ууж буй хүн биеийг зөв таньж ойлголгүйгээр идэж, уувал өөртөө шийтгэл авчирна. 30 Үүнээс болж та нарын дунд сул дорой, өвчтэй хүн олон байгаа бөгөөд нэлээд нь нойрсож байна. 31 Бид өөрсдийгөө нягталсан бол шүүгдэхгүй байхсан. 32 Харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүйн тулд Эзэнээр сахилгаждаг. 33 Тиймд ах дүүс минь, та нар идэхээр цуглахдаа нэг нэгнийгээ хүлээ. 34 Өлссөн хүн байвал гэртээ идэгтүн. Тэгвэл та нар цугласнаасаа болж шийтгэлд унахгүй. Үлдсэнийг нь би очоод зохицуулъя.


  • 11:1 1Ко 4:16; Флп 3:17
  • 11:7 Эх 1:26–27
  • 11:8–9 Эх 2:18–23
  • 11:25 Гэт 24:6–8; Иер 31:31–34