Эш үзүүлэх ба хэлээр ярих бэлэг
14 1 Хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг, ялангуяа эш үзүүлэхийг хүсэж тэмүүл. 2 Хэлээр яригч нь хүмүүст бус, харин Бурханд хандан ярьдаг. Тэрээр нууцуудыг Сүнсээрa ярьдаг ч сонсон ухаарах хүн үгүй ажээ. 3 Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст ярьдаг. 4 Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг хүн чуулганыг босгон байгуулдаг аж. 5 Би та бүхнийг хэлүүдээр яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Чуулганыг босгон байгуулахын тулд ярьснаа тайлбарлахгүй л бол хэлүүдээр ярьдаг хүнээс эш үзүүлдэг хүн нь илүү агуу юм.
6 Ах дүү нар аа, хэрэв би та нар дээр очиж зөвхөн хэлүүдээр яриад, харин илчлэл эсвэл мэдлэг эсвэл эш үзүүллэг эсвэл сургаалаар ярихгүй бол та нарт ямар тус болох билээ? 7 Амьгүй атлаа дуу авиа гаргагч лимбэ ч, босоо ятга ч ялгагдахаар өнгө гаргахгүй бол лимбээр эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ? 8 Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ? 9 Түүнчлэн та нар хэлээр ярихдаа ойлгогдох үг өгөхгүй бол юу ярьж байгааг чинь хэн мэдэх юм бэ? Та нар агаарт л ярих болно. 10 Ертөнцөд олон янзын авиа байдаг ч утгагүй авиаb нэг ч үгүй. 11 Иймээс би тухайн авианы утгыг мэдэхгүй бол ярилцагчийнхаа хувьд харь хэлтэн болж, миний хувьд ярилцагч маань харь хэлтэн болно. 12 Та нар сүнслэг юмсыг хүсэн тэмүүлдэг учир чуулганыг босгон байгуулахын төлөө үүнийгээ мөшгө. 13 Тиймд хэлээр яригч нь тайлбарлахын тулд залбираг. 14 Учир нь би хэлээр залбирвал миний сүнс залбирдаг ч, ухаанд минь үр жимс үгүй юм. 15 Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно, бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно, бас ухаанаар дуулах болно. 16 Хэрэв чи сүнс дотор ерөөвөл шинэc нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй. 17 Чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь босгон байгуулагдахгүй. 18 Би та бүгдээс илүүгээр хэлүүдээр ярьдаг тул Бурханд талархдаг. 19 Харин чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг сургахын тулд ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.
20 Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай. 21 Хуульд
“«Би харь хэлээр болон бусдын амаар
Энэ ард түмэнд хандаж ярина.
Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй» гэж
Эзэн айлдаж байна”
гэж бичигдсэн байдаг.* 22 Тиймээс хэлүүд нь итгэгчдийн төлөө бус, үл итгэгчдийн төлөөх тэмдэг болдог аж. Эш үзүүллэг нь үл итгэгчдийн төлөө бус, харин итгэгчдийн төлөө юм. 23 Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэлүүдээр яривал шинэ хүн эсвэл үл итгэгчид орж ирээд та нарыг солиорч байна гэж хэлэхгүй гэж үү? 24 Та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл шинэ хүн орж ирээд бүхнээр яллагдаж, бүхнээр шүүгдэх бөгөөд 25 зүрхний нууцууд нь илчлэгдэнэ. Ийнхүү тэрээр нүүрээрээ унаж, Бурханд мөргөн, та нарын дунд Бурхан үнэхээр байгааг зарлана.
Эмх журамтай мөргөл хүндэтгэл
26 Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэл, хэл ба тайлбар байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг. 27 Хэн нэгэн нь хэлээр яривал, хоёул эсвэл хамгийн ихдээ гурвуул ээлжлэн, нэг нь тайлбарлаг. 28 Хэрэв тайлбарлагчгүй бол тэрээр чуулганд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг. 29 Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг. 30 Сууж байсан өөр нэгэнд илчлэл ирвэл эхнийх нь чимээгүй бол. 31 Учир нь бүгд суралцан, урамшуулагдахын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлж болно. 32 Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг. 33 Учир нь Бурхан бол самуурлын бус, харин амар амгалангийн Бурхан мөн.
Ариун хүмүүсийн бүх чуулганы адил 34 чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин хуулийн хэлдэг шиг тэд захирагдаж байг. 35 Хэрэв тэд ямарваа юм сурахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь ичгүүртэй.
36 Бурханы үг та нараас гарсан юм уу? Эсвэл тэр нь ганцхан та нарт л хүрсэн юм уу? 37 Тиймээс хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг. 38 Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно. 39 Иймд ах дүүс [минь], эш үзүүлэхийг хүсэн тэмүүл. Хэлүүдээр ярихыг нь бүү хоригло. 40 Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг.
- a14:2 эсвэл сүнсээр
- b14:10 хэл авиа
- c14:16,23,24 эсвэл хараахан сураагүй
- 14:21 Иса 28:11–12