Христийн амилал

15 1 Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. 2 Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр аврагдсан. 3 Учир нь би хүлээн авсан зүйлийнхээ хамгийн чухлыг та нарт дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас үхсэн бөгөөд* 4 оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад* 5 Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгджээ.* 6 Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. 7 Тэр дараа нь Иаковт, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. 8 Бүгдийн эцэст дутуу төрсөн мэтa надад ч Тэр бас үзэгдсэн билээ.* 9 Учир нь би элч нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм.* 10 Гэвч Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон өнгөрөөгүй билээ. Харин ч би тэд бүгдээс илүү зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл үүнийг хийсэн. 11 Тиймээс би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй. Харин бид тийнхүү тунхаглаж, та нар түүнчлэн итгэсэн билээ.

Үхэгсдийн амилал

12 Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан л юм бол та нарын зарим чинь юунд үхэгсдийн амилал байхгүй гэж ярина вэ? 13 Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. 14 Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно. 15 Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол бид нар ч Христийг Бурхан амилуулаагүй байхад нь амилуулсан мэтээр Бурханыг гэрчилсэн хуурамч гэрч нар болно гэсэн үг. 16 Учир нь үхэгсэд амилуулагдахгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. 17 Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. 18 Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. 19 Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан болb бид нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно.
20 Гэвч Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдын анхны үр жимс мөн. 21 Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилал мөн нэг хүнээр иржээ. 22 Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно. 23 Харин тус бүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь Түүнийг ирэхэд Христийнхэн амилуулагдана. 24 Дараа нь бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг Тэр хүчингүй болгоод, Эцэг Бурханд хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. 25 Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр хаанчлах ёстой.* 26 Эцэст нь хүчингүй болох дайсан бол үхэл мөн. 27 “Бурхан бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд нь оруулсан”. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор тавьсан Тэр Нэгэн нь Өөрөө ангид байсан нь мэдээж.* 28 Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм.
29 Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд огт амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? 30 Яагаад бид ч цаг үргэлж аюулд байна вэ? 31 [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христийн дотор миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. 32 Хэрэв би Ефест зэрлэг араатнуудтай, хүний хувьд л тэмцэлдсэн бол надад юуных нь ашиг байх вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй л юм бол “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая л даа!”* 33 Гэвч бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зан чанаруудыг эвддэг” юм. 34 Та нар зөв бодол санаатай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.

Биеийн амилал

35 Гэхдээ хэн нэгэн “Үхэгсэд яаж амилуулагдах вэ? Тэд ямархуу биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. 36 Мунхаг аа, тарьдаг чинь үхэхгүй аваас амилахгүй. 37 Тарьдаг чинь, ирэх ёстой бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй буудайн эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм. 38 Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. 39 Бүх махбод адилгүй. Хүний махбод өөр байхад, амьтдын, шувуудын, загаснуудынх ч өөр аж. 40 Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байна. Харин тэнгэрлэг биесийн жавхаа өөр, газрын биесийн жавхаа өөр юм. 41 Нарны жавхаа өөр, сарны жавхаа өөр, одны жавхаа өөр байдаг. Од одноосоо жавхаагаараа ялгардаг.
42 Үхэгсдийн амилал нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана. 43 Энэ нь үл хүндлэл дотор таригдаж, цог жавхлан дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана. 44 Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. 45 Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов.* 46 Харин эхнийх нь сүнслэг бус төрөлх агаад дараагийнх нь сүнслэг байдаг. 47 Анхны хүн нь газраас буюу шорооноос, хоёр дахь хүн нь тэнгэрээс болой. 48 Шорооных нь ямар байдагчлан шорооноос буй нь тийм бөгөөд тэнгэрийнх нь ямар байдагчлан тэнгэрээс буй нь тийм байна. 49 Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно.c
50 Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, махбод ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. 51 Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. * 52 Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр тийм болно. Бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах өөд амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. 53 Яагаад гэвэл муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. 54 Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ.*
55 “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?
Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ?”*
56 Үхлийн хатгуур нь нүгэл, нүглийн хүч нь хууль юм. 57 Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. 58 Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдрэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.


  • 15:3 Иса 53:5–12
  • 15:4 Дуу 16:8–10; Мт 12:40; Үйл 2:24–32
  • 15:5 Мт 28:16–17; Мк 16:14; Лк 24:34,36; Иох 20:19
  • a15:8 эсвэл согогтой төрсөн мэт
  • 15:8 Үйл 9:3–6
  • 15:9 Үйл 8:3
  • b15:19 эсвэл энэ амьдралд маань бидэнд байгаа бүхэн нь Христ доторх бидний найдвар юм бол
  • 15:25 Дуу 110:1
  • 15:27 Дуу 8:6
  • 15:32 Иса 22:13
  • 15:45 Эх 2:7
  • c15:49 Зарим гар бичмэлд: бидэнд өмсүүлнэ
  • 15:51–52 1Тс 4:15–17
  • 15:54 Иса 25:8
  • 15:55 Хос 13:14 (LXX)