Израилчууд Синаи уулыг орхиж, Бурханы амласан нутгийн зүүн хязгаар хүртэл явсан 40 орчим жилийн үйл явдлыг энэ номд өгүүлдэг. Номын нэр өөрөө Синаи уулаас хөдлөхийн өмнө Мосе израилчуудыг тоолсон тухай болон хожим дахин Моабын нутаг, Йордан голын зүүн эрэгт дараа үеийнхнийг нь тоолсон тухай түүхэн өгүүлэмжийг илэрхийлж байгаа юм. Хоёр тооллогын хоорондох хугацаанд израилчууд Канаан нутгийн өмнөд хил Кадеш Барнеад очсон боловч амлагдсан газарт орж чадаагүй билээ. Тэд тэр газарт олон жилийг өнгөрүүлсний дараа Йордан голын зүүн бүсэд очиж, хэсэг нь тэндээ үлдэн бусад нь Канаан нутагт орохоор Йордан голыг гаталсан юм.
Энэ бол хүнд бэрхтэй нүүр тулахаас айн байнга зүрх алдаж улмаар Бурханыг болон удирдагчаар томилогдсон Мосег эсэргүүцэж байсан хүмүүсийн тухай, ард түмэн нь хулчгар дуулгаваргүй байсан ч байнга халамжаа зориулсан Бурханы итгэмжийн тухай, заримдаа тэвчээр алдаж байсан ч Бурханд бас хүмүүст өөрийгөө зориулах сэтгэлээр тууштай зүтгэсэн Мосегийн тухай түүх юм.
Израилын анхны тооллого
1 1 Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж*
— 2 Израилын хөвгүүдийн хотол түмний тооллогыг хийж, тэдний эр хүйстэн бүрийг ураг, эцгийн бүлийнх нь дагуу нэр нэрээр нь толгой дараалан тоол. 3 Дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны, Израил дахь хүн бүрийг Аарон та хоёр дайчдын бүлэглэлээр нь тоол. 4 Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой. 5 Та нартай хамт байх хүмүүсийн нэрс бол Реубенийнхнээс Шедеурын хүү Елизур, 6 Симеонынхноос Зуришаддаин хүү Шелумиел, 7 Иудагийнхнаас Амминадабын хүү Нахшон, 8 Иссахарынхнаас Зуарын хүү Нетанел, 9 Зебулунынхнаас Хелоны хүү Елиаб, 10 Иосефын хөвгүүд, Ефраимынхнаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхнаас Педахзурын хүү Гамалиел, 11 Бениаминынхнаас Гидеонигийн хүү Абидан, 12 Данынхнаас Аммишаддаин хүү Ахиезер, 13 Ашерынхнаас Охраны хүү Пагиел, 14 Гадынхнаас Деуелийн хүү Елиасаф, 15 Нафталийнхнаас Енаны хүү Ахира нар болой. 16 Эд бол хотол түмнээс дуудагдсан хүмүүс бөгөөд эцэг өвгийнхөө бүлийн удирдагчид, Израилын мянгатын тэргүүн нар билээ гэв.
17 Тийнхүү нэрээрээ дурдагдсан энэ хүмүүсийг Мосе, Аарон нар авч, 18 хоёрдугаар сарын нэгэнд даяар хотол түмнийг бүхэлд нь цуглуулаад, хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг, эцгүүдийнх нь бүлийн дагуу нэр нэрээр нь толгой дараалан бүртгэв. 19 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр тэднийг Синаин цөлд тоолжээ.
20 Израилын ууган хүү Реубений хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ толгой дараалан тоолуулав. 21 Реубен овгоос тоолуулсан эрс дөчин зургаан мянга таван зуу байлаа.
22 Симеоны хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ толгой дараалан тоолуулав. 23 Симеон овгоос тоолуулсан эрс тавин есөн мянга гурван зуу байлаа.
24 Гадын хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 25 Гад овгоос тоолуулсан эрс дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.
26 Иудагийн хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 27 Иуда овгоос тоолуулсан эрс далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.
28 Иссахарын хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 29 Иссахар овгоос тоолуулсан эрс тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.
30 Зебулуны хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 31 Зебулун овгоос тоолуулсан эрс тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.
32 Иосефын хөвгүүдээс, Ефраимын хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 33 Ефраим овгоос тоолуулсан эрс дөчин мянга таван зуу байлаа.
34 Мөн Манассегийн хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 35 Манассе овгоос тоолуулсан эрс гучин хоёр мянга хоёр зуу байлаа.
36 Бениамины хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 37 Бениамин овгоос тоолуулсан эрс гучин таван мянга дөрвөн зуу байлаа.
38 Даны хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 39 Дан овгоос тоолуулсан эрс жаран хоёр мянга долоон зуу байлаа.
40 Ашерын хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 41 Ашер овгоос тоолуулсан эрс дөчин нэгэн мянга таван зуу байлаа.
42 Нафталийн хөвгүүдийн удам угсаа ургуудаас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр эцгүүдийнхээ бүлийн дагуу, нэр нэрээрээ тоолуулав. 43 Нафтали овгоос тоолуулсан эрс тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.
44 Эдгээр нь Мосе, Аарон болон Израилын удирдагчид болох тус тусын эцгийн бүлийг төлөөлсөн арван хоёр хүнээр тоолуулсан хүмүүс ажээ. 45 Ийнхүү Израилын хөвгүүдээс эцгүүдийнхээ бүлээр тоолуулсан дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны бүх хүн буюу 46 тоолуулсан эрчүүд бүгд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.
47 Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгийн дагуу тоолуулсангүй. 48 Учир нь ЭЗЭН, Мосед
— 49 Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилын хөвгүүдийн дундах тэдний тоог бүү ав. 50 Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүнд үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг. 51 Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. 52 Израилын хөвгүүд, хүн бүр хуарангийнхаа дэргэд, тугийнхаа доор дайчдын бүлэглэлээрээ буудаллах ёстой. 53 Харин Израилын хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав. 54 Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилын хөвгүүд тийнхүү хийв.
- 1:1–46 Тоо 26:1–51