Эсэн бусыг ажихад
10 1 Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг. 2 Ухаант хүний зүрх баруун тийш нь хөтөлдөг бол мунхгийн зүрх зүүн тийш нь дагуулдаг. 3 Мунхаг хүн замаар явахдаа хүртэл мэдрэмжгүй байх агаад мунхаглалаа хүн бүрд мэдэгдэнэ. 4 Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой гэмийг ч зайлуулдаг.
5 Эрх мэдэлтнээс үүдэлтэй алдаа болох нэгэн ёрын юмыг би наран доор харав. 6 Мулгуучууд олон өндөрлөгт заларч харин баячууд шоовдорлогдов. 7 Боолууд морь унахад хан хөвгүүд боол адил явган холхихыг ч харлаа.
8 Нүх ухваас түүндээ унаж мэднэ
Хана нурааваас могойд хазуулж болно*
9 Чулуу бутлагч чулуундаа цохиулж болно
Түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болно.
10 Сүх мохож, эс ирлэвээс илүү хүч зарцуулна
Харин мэргэн ухаан амжилт авчирна.
11 Ховсдохоос өмнө могой хазсан бол
Ховс ер нь ямар хэрэгтэй юм.
12 Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь нигүүлсэл,
Мунхгийн уруул харин өөрийгөө хөнөөх агаад
13 Үг яриа нь эхэндээ тэнэглэл, эцэстээ солиорол байдаг.
14 Мунхаг нэгэн олон үгтэй.
Юу болохыг хүн эс мэднэ.
Түүний араас юу ирэхийг хэн түүнд хэлж чадах билээ?
15 Мунхаг хүн хотод хэрхэн хүрэхийг ч мэддэггүй тул
Түүний зүтгэл өөрийг нь туйлдуулах аж.
16 Хаан нь балчир, ноёд нь өглөөжин найрладаг гүрэн, хөөрхий!
17 Харин хаан нь язгууртай, ноёд нь зохистой цагт
Согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд зооглох гүрэн ерөөлтэй.
18 Залхуугийн дээвэр хотойж, лазан гартны гэрт дусаал гоожно.
19 Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж,
Дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч
Мөнгө бүхний хариу ажээ.
20 Хааныг бүү зүх, бодолдоо ч тэр.
Баян хүнийг бүү хараа, унтлагын өрөөндөө ч тэр.
Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий
Жигүүрт бүтээл хэргийг задалж мэднэ.
- 10:8 Дуу 7:15; Сур 26:27