Амьдралаа байгаагаар нь хүлээн ав
9 1 Шударга бөгөөд ухаантай хүмүүс мөн тэдний үйлс нь Бурханы гарт хэрхэн байдгийг шалгахаар энэ бүхнийг би зүрхэндээ тунгаав. Хүн өмнөө байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ. 2 Зөвт ба буруут, сайн ба муу, ариун ба бузар, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь тавилан байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй билээ. 3 Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь муухай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл рүү одох бөлгөө. 4 Үхсэн арслангаас амьд нохой дээр адил амьд байгсдад бас ч найдлага бий. 5 Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Тэдний дурсамж мартагдана. 6 Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцоно.
7 Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, талхаа баяртайгаар ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу! 8 Цаг үргэлжид хувцас чинь цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг. 9 Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралын бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний зүтгэсэн зүтгэл болон амьдралын чинь хувь болой. 10 Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
11 Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй бөгөөд харин энэ бүхэнд цаг хийгээд боломж хамаатай аж. 12 Хүн цагаа үл мэднэ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд ч хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж.
Мэргэн ухаан тэнэглэлээс илүү
13 Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан. 14 Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хотыг хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ. 15 Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй. 16 Би “Мэргэн ухаан хүч чадлаас илүү боловч ядуу хүний мэргэн ухаан эс тоогдож, үгийг нь үл хэрэгсэнэ” хэмээн үзэв. Гэвч
17 Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас
Намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ
18 Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч
Ганцхан нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.