Хүндлэл, даруу зан ба хангалуун сэтгэл
5 1 Бурханы өргөө рүү явахдаа чи алхмаа хянагтун. Буруу үйлээ ухаарахгүй атлаа тахил өргөдөг мунхгууд шиг байснаас ойртож очоод чагнасан нь дээр. 2 Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.
3 Зовнил ихэдвэл зүүдэнд орно, үг ихэдвэл мунхаг болно.
4 Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй юм. Амласнаа биелүүл!* 5 Амлаад биелүүлэхгүй байснаас амлахгүй байсан дээр. 6 Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөр. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан үгэнд чинь уурсаж, гарын ажил хэргийг чинь устгах ёстой юм бэ?
7 Ихэнх зүүд утгагүй, илүү үг дэмий. Иймд чи Бурханаас эмээж яв.
8 Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шударга ёс болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайх. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь хамгаалжa байдаг юм. 9 Газрын шим бүгдийнх. Талбайн ашгаас хаан ч хүртэнэ.b
10 Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо эс цадна. Энэ нь бас л хоосон.
11 Баялаг өсөхийн хэрээр залгигсад олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг юм гэж үү?
12 Их идсэн ч бай, бага идсэн ч бай ажилчин хүний нойр таатай байдаг бол баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.
13 Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ гай авчирч, 14 хөрөнгө чинээ нь гэнэтийн хэргээс болж сүйрч байх юм. Хүү төрөвч гар хоосон. 15 Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй арилах аж.* 16 Хүн яг ирсэн шигээ л буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг юм. Ингэхээр салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна? 17 Тэрээр бүхий л өдрөө харанхуйд хооллож, үлэмж уй гашуу, өвчин, уур уцаартай байдаг.
18 Харин хүн идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ баяр баяслыг авах нь сайн явдал гэдгийг би харлаа. Энэ нь түүний хувь ноогдол аж. 19 Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэрээр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож, мөн өөрийн зүтгэлд баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ бол Бурханы бэлэг мөн. 20 Бурхан зүрхийг нь баяр баясгалантай байлгадаг тул хүмүүн гэгч амьдралынхаа туршид үргэлж санаашраад байдаггүй ажээ.
- 5:4 Дуу 66:13–14
- a5:8 эсвэл ажиглаж
- b5:9 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- 5:15 Иов 1:21; Дуу 49:17; 1Тм 6:7