Бүх юм өөрийн цагтай
3 1 Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй.
2 Төрөх хийгээд үхэх цаг,
Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,
3 Алах хийгээд анагаах цаг,
Нураах хийгээд босгох цаг,
4 Уйлах хийгээд инээх цаг,
Гашуудах хийгээд бүжиглэх цаг,
5 Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,
Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
6 Эрж олох хийгээд алдаж асгах цаг,
Хадгалах хийгээд хаях цаг,
7 Урах хийгээд оёх цаг,
Дуугүй байх хийгээд ярих цаг,
8 Хайрлах хийгээд үзэн ядах цаг,
Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
Бурханы өгсөн үүрэг
9 Чармайлаа гээд хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байна вэ? 10 Бурханаас хүний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийг би харлаа. 11 Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс нь эцсийг хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэрээр хүмүүний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ. 12 Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. 13 Түүгээр ч үл барам хүн идэж, ууж, эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу. 14 Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийнхүү үйлддэг учраас хүмүүс Түүнээс эмээх учиртай юм. 15 Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох юмс ч аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.
Шүүлт ба ирээдүй Бурханы мэдэлд
16 Би мөн наран доор үнэнч шударгын оронд хорон муу нь, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан. 17 “Зөвт ба буруутын аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би зүрхэндээ хэлэв. Учир нь бүх бүтээл, бүх үйлсэд Түүний тогтоосон цаг хугацаа буй. 18 Хүмүүний хөвгүүдийн талаар “Хүн гэгч өөрсдөө адгуус гэдгээ таниг гэсэндээ Бурхан тэднийг туршдаг юм байна” гэж би өөртөө хэлэв. 19 Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд аль аль нь үхдэг, бас аль аль нь л ижилхэн амь амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. 20 Бүгд нэг л газар луу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна. 21 Хүний амь амьсгаа дээш гарч, адгуусны амь амьсгаа газар луу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ? 22 Тиймээс хүн ажил хөдөлмөрөөсөө баяр баясгаланг олохоос илүү зүйл үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь ноогдол аж. Түүнээс хойш юу болохыг хэн түүнд үзүүлж чадах билээ?