12 1 Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө, залуу насныхаа өдрүүдэд Бүтээгчээ санагтун. 2 Нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургахаас өмнө санагтун. 3 Юун гэвээс тэр өдөр гэрээ хамгаалдаг хүч чадал чинь салганадаг болж, хүчит эрс чинь майжийна. Хэдэн бутлуур чинь цөөрсөөр үүрэггүй болж, цонхоор харахад бүрэнхий мэт санагдана. 4 Гудамжны хаалга хаагдсан мэт, гурилын тээрмийн дуу намуухан болсон мэт болж, шувуудын жиргээнээр сэрэх авч, охидын дуу үл сонстох болно. 5 Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, бүйлсийн цэцэг шиг бууралтаад, цатгалан голио шиг хөшилдөн, янгирцганаa шиг хагдарна. Ингээд хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно. 6 Мөнгөн утас тасарч, алтан хул хэмхэрч, булгийн дэргэдэх ваар бутарч, худгийн хүрд эвдрэхээс өмнө Түүнийг санагтун. 7 Тэгээд бие нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгааb нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ. 8 Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон” гэв.

Төгсгөл

9 Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр цэгнэж, судалснаар олон сургаалт үгсийг эмхлэн гаргав. 10 Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр буулгав.
11 Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажээ. 12 Энэ бүхнээс гадна хүү минь “Олон ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их сурах нь бие махбодод халтай” гэдгийг санаж явтугай.
13 Энэ бүхнийг дүгнэхэд, Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. 14 Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.


  • a12:5 янгирцгана: Латинаар каппарис гэдэг, гэнэтхэн хагдарч унадаг нэгэн ургамал.
  • b12:7 эсвэл сүнс