Хааныг дага, өөрийгөө баясга

8 1 Хэн ухаантантай адил вэ, хэн юмсын учгийг тайлдаг вэ? Мэргэн ухаан л хүний нүүрийг гэрэлтүүлж, баргар царайг нь өөрчилдөг ажээ.
2 “Бурханд өргөсөн ам өчгийн учир хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.a 3 Хааныг орхин явах гэж бүү яар. Муу хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно. 4 Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ? 5 Хааны зарлигийг сахигч ёр мууг эс мэдэрнэ. Мэргэн зүрх зохист цаг ба арга замыг мэддэг аж. 6 Хүнийг зовлон бэрхшээл даравч, алив юманд зохист цаг ба арга зам гэж бий. 7 Юу тохиолдохыг хүн эс мэдэх тул хэрхэн энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ? 8 Салхийг захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч байхгүй. Үхэх өдрөө хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед чөлөө үгүй. Буруу нь буруутаа чөлөөлж эс чадна. 9 Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодлоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.

Бурханы зам ойлгогдошгүй

10 Тэгэхэд би нэгэн муу хүнийг оршуулж байхыг харав. Ариун газраар орж гарч явсан тэд удалгүй ийнхүү үйлдэж явсан хотдоо мартагдаж байлаа.b Энэ мөн л утгагүй аж. 11 Муу үйлийн эсрэг шийтгэл цааз тэр дороо гүйцэлддэггүй учраас хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж. 12 Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханы өмнө эмээдэг, Түүнээс эмээгч хүн л илүү дээр юм гэдгийг би мэдэв. 13 Бурханаас эмээдэггүй учраас гэм буруут хүнд сайн юм ч үгүй, сүүдэр адил өдрүүд нь ч уртсахгүй.
14 Буруутад тохиолдвол зохих явдал зөвтөд учирч, зөвтийн хүртвэл зохихыг буруут нь завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л хоосон гэж би хэлэв. 15 Иймд би баяр хөөрийг үнэлэв. Учир нь наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Энэ нь наран доор Бурханаас хүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн туршид хөдөлмөр зүтгэлтэй хоршиж байх ёстой аж.
16 Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав. 17 Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хүн шамдан эрж хайгаад ч үл ухах аж. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэллээ ч тэр нээж үл чадна.


  • a8:2 ЭЗО: Хааны хэлснийг хий
  • b8:10 Тайлбарт хувилбар: Муу хүнийг ард олны дунд оршуулахыг би үзлээ. Тэднийг ариун хотоос гарган оршуулж байсан бөгөөд нүгэлт үйлээ хийж явсан тэр хотдоо тэд хүмүүст хүндлэгдэж байлаа.