Хүсэлд хясал

6 1 Хүмүүн дээр хүндээр буудаг нэгэн ёрын муухай юмыг би наран доор харав. 2 Бурхан хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг хүнд өгчхөөд харин тэдгээрийг эзэмших эрхийг өгөөгүй тул гаднын хүн түүнийг нь эдэлж баясаж байх юм. Энэ нь хоосон агаад маш хяслантай зовлон мөн. 3 Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ. 4 Ийм төрсөн хүүхэд хоосон руу ирээд, харанхуй руу одож, нэр алдар нь ч харанхуйд хучигдсан. 5 Тэр нарыг хэзээ ч үзээгүй, мэдээ ч үгүй оджээ. Гэвч тэр нөгөөхөөс илүү дээр аж. 6 Гэхдээ хүмүүс хоёр мянган жил амьдарлаа ч, сайныг үл амссан байлаа ч бүгд нэг л газар луу явдаггүй гэж үү?
7 Хүний бүх зүтгэл амандаа л зориулагдах боловч хүсэл нь ер ханадаггүй ажээ. 8 Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ? 9 Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ ч бас хоосон бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг буюу.
10 Оршин буй бүх юм аль хэдийн нэрлэгдсэн байх ажээ. Хүн гэгч ямар вэ гэдэг нь ч тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж эс чадна. 11 Үг яриа олшрох тусмаа улам утгагүй болно. Ингэх нь хүнд ямар тустай юм бэ? 12 Сүүдэр мэт өнгөрөх хоосон амьдралынхаа цөөхөн хоногт өөрт нь юу зөв, юу сайн болохыг хүн хэрхэн мэдэх билээ? Учир нь өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?