Хувийн цэнгэл, эд баялаг ч хоосон

2 1 Би өөртөө “Одоо яв. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. 2 Инээгчийг би “галзуу”, баяр цэнгэлийн тухайд “Юунд хэрэгтэй юм бэ?” гэж хэлэв. 3 Би бодож үзээд, мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ бие махбодоо дарсаар цэнгүүлж, мунхаглалыг ойлгох гэж оролдсон бөгөөд тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн хэдэн хоногт хүмүүний хөвгүүд юуг хийх нь сайн бэ гэдгийг мэдэх гэсэн юм. 4 Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав.* 5 Би өөртөө цэцэрлэг бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгалаа. 6 Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа. 7 Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсны сацуу уугуул боолууд ч бас надад бий. Надаас өмнө Йерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв.* 8 Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт, мөнгө, эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай байсан ба хүний хөвгүүдийн зугаа болох эмс охид надад олон байв.*
9 Ингэж надаас өмнө Йерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байлаа.* 10 Нүд минь хүсэмжилж буй бүгдээс би эс татгалзав. Ямар ч баяр цэнгэлээс би зүрхээ татаж байсангүй. Зүрх минь миний бүх зүтгэлд баясаж байсан бөгөөд энэ бол бүх зүтгэлийн минь шан харамж байв. 11 Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор үүний ашиг алга.

Бурханыг хүсэмжлэгч хүнд мэргэн ухаан, баяр хөөр ирдэг

12 Иймээс би мэргэн ухаан ба тэнэг мулгууг тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч нь урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийдэг вэ? 13 Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуу нь гэрэл харанхуйгаас илүү байдагтай адил болохыг би үзэв.
14 Мэргэний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч хоёуланг нь нэг хувь тавилан нөмрөхийг би ойлголоо. 15 Тиймээс “Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг юу билээ?” гэж би зүрхэндээ хэлэв. Ингээд би зүрхэндээ “Энэ мөн л хоосон аж” гэв. 16 Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон. 17 Ингээд наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядлаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг аж.
18 Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ. 19 Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. 20 Тиймээс наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ болоод сэтгэл минь цөхрөх болов. 21 Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэг, чадвартай зүтгээд дараа нь зүтгээгүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар муухай хэрэг мөн. 22 Наран доор хичээж зүтгэсэн бүхий л зүтгэлээсээ хүн ер нь юуг нь авах юм бэ? 23 Учир нь хүний бүх л өдөр зовлон шаналалтай, зүтгэл нь утгагүй, шөнө ч сэтгэл оюун нь эс амрах аж. Энэ мөн л хоосон ажээ.*
24 Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.* 25 Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? 26 Мэлмийд нь таалагдагч хүнд Бурхан мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр хийлгэдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг аж.*


  • 2:4–8 1Ха 10:23–27; 2Шс 9:22–27
  • 2:7 1Ха 4:23
  • 2:8 1Ха 10:10,14–22
  • 2:9 1Шс 29:25
  • 2:23 Иов 5:7, 14:1
  • 2:24 Ном 3:13, 5:18, 9:7; Иса 56:12; Лк 12:19; 1Ко 15:32
  • 2:26 Иов 32:8; Сур 2:6