Хичээл зүтгэлийн үнэ цэн

11  1 Талхаа усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ буцааж олно. 2 Өөрт ногдсоныг долоо эсвэл найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй. 3 Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Мод өмнө ба хойд зүгт унаваас унасан тэр газартаа үлдэж хоцорно. 4 Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.
5 Жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх яснууд хэрхэн амь амьсгаатай болдгийг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи эс мэднэ.
6 Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг эсвэл хоёулаа сайн эсэхийг чи мэдэхгүй шүү дээ.

Өсвөр хийгээд өтөл нас

7 Нар ширтсэн нүдэнд гэрэл нь гоё агаад тааламжтай.
8 Он жилийн уртад амьдрах аваас бүгдэд нь хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ирж буй бүхэн хоосон.
9 Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийг ч Бурхан шүүлт дээр авчирна гэдгийг мэдтүгэй.
10 Иймээс зүрхний гунигаа гээж, бие махбодын шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг хоосон аж.