4 1 Наран доор үйлдэгддэг бүх дарлалыг би дахин харлаа. Дарлагдсан хүмүүсийн нулимсыг харагтун! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагчдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв. 2 Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв. 3 Гэвч наран доор хийгддэг ёрын үйлийг хэзээ ч хараагүй, огт байгаагүй нэгэн нь дээрх хоёроосоо ч илүү дээр аж.
4 Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг аж.
5 Тэнэг хүн гараа хумхиж, өөрийгөө барна.
6 Чардайн зүтгэж хоёр атгаа дүүргэн,
Салхины араас хөөцөлдсөнөөс
Ганц атга дүүрэн, амар жимэр байсан нь дээр.
7 Би наран доор дахин нэг хоосныг үзэв. 8 Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж алга. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон явна вэ?” гэж тэр өөрөөсөө асууж ч байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж.

Анд нөхрийн үнэ цэн

9 Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр. Тэгвэл хөдөлмөр зүтгэл нь тэдэнд илүү өгөөжтэй. 10 Хэрэв тэд унах аваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч нь унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхий. 11 Түүнчлэн хэрэв хоёул хамт хэвтэх аваас хэн хэн нь дулаацдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? 12 Ганц хүнийг дайран дийлэхэд амархан. Хоёулаа бол харин няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.
13 Зөвлөгөө авахаа больсон тэнэг хөгшин хаанаас ядуу хэдий ч ухаантай залуу нь дээр. 14 Хэдийгээр тэрээр уг хаанчлалд ядуу төрсөн ч, хаанчлахаар шоронгоос гарч ч болдог ажээ. 15 Наран доор амьдрагсад тэр залууг дагалдан нөгөө хааныг залгамжлуулахыг би харлаа. 16 Тэр залуу хязгааргүй олон хүнийг дагуулсан ч хожим ирэгсэд нь мөнөөх залууг бас л таашаахгүй ажээ. Энэ мөн л хоосон бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг юм.