Амьдралын тухай гутранги үзэл

7 1 Нандин тосноос сайн нэр илүү
Төрөх өдрөөс үхэх өдөр дээр.*
2 Найрын өргөө рүү явснаас
Гашуудагчийн гэр лүү явсан нь дээр.
Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд
Амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм.
3 Инээснээс уйлсан нь дээр
Учир нь царай гунигтай байвч
Зүрх жаргалтай болж болох буюу.
4 Ухаантны зүрх гашуудагсдын оромжид
Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт
5 Тэнэгийн дуулахыг сонссоноос
Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
6 Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнах мэт
Энэ бас л хоосон.
7 Бузар олз мэргэдийг мунхаг болгоно
Хээл хахууль зүрхийг нь бас эвдэнэ
8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал.
Сэтгэлийн тэвчээр нь ихэрхүү зангаас эрхэм.
9 Уур тэнэгийн цээжинд оршдог тул
Уурлах сэтгэлийг бүү урьтал болго.*
10 “Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл.
Ингэж асуух чинь мэргэн ухаанаас гардаггүй юм.
11 Өвлөгдөх мэргэн ухаан эрхэм бөгөөд нарыг харагчдад үнэтэй буюу.
12 Мөнгө хамгаалалт болох адил
Мэргэн ухаан хамгаалалт юм.
Харин мэдлэгийн давуу чанар гэвээс
Мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг билээ.
13 Бурханы бүтээлийг эргэцүүлэгтүн.
Түүний мурийлгасныг хэн шулуун болгож чадах билээ?
14 Азтай өдрүүддээ аз жаргалтай бай,
Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод.
Аль алийг нь Бурхан бий болгодог тул
Алс хожим юу болохыг хүн эс мэднэ.

Амьдрал дахь оньсого

15 Би утгагүй амьдралынхаа туршид олон юм үзэв. Зөвт нь шударга байдал дотроо үхэж байхад, буруут нь худал дотроо удаан амьдарч байх юм. 16 Иймээс шударга байдлаа бүү хэтрүүл, мэргэн ухаанаа бүү дөвийлгө. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ? 17 Хэт балмад, хэт тэнэг ч бүү бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой юм бэ? 18 Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч хүн тэр бүгдээр амжилтад хүрдэг.
19 Мэргэн ухаан хотын арван захирагчаас ч илүүгээр ухаантныг хүчирхэгжүүлдэг.
20 Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй, зөвхөн сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.
21 Олон ярианы үг бүрийг анхаарах хэрэггүй, боол чинь чамайг хараасан ч бай. 22 Чи ч бас бусдыг олонтоо харааж байсныг зүрх чинь мэдэх билээ.
23 Энэ бүхнийг би мэргэн ухаанаар шалгаад “Би ухаантай болно” гэсэн боловч, мэргэн ухаан надаас алс хол байлаа. 24 Юу байгаа нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ? 25 Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн буруутал, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв. 26 Үхлээс ч илүү гашууныг би олж харав. Юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь тэр эмд олзлогдох аж. 27 “Үзэгтүн, би үүнийг олж мэдэв” гэж номлогч хэлэхдээ, тайлбарыг нь олохын тулд нэг зүйлийг нөгөө дээр нэмэн, 28 “Сэтгэл минь үүнийг эрсээр байсан боловч би эс олов. Мянгаас нэг л эрэгтэйг би олсон атал энэ бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй.a 29 Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг чигч шударга бүтээсэн боловч тэд олон арга замыг хайдаг явдал юм” гэв.


  • 7:1 Сур 22:1
  • 7:9 Иак 1:19
  • a7:28 Энэ эшлэлийн утга тодорхойгүй.