Бүгдийн төлөө өргөсөн Христийн тахил

10 1 Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг. Тиймээс жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг хууль төгс болгож чадахгүй. 2 Чадах байсан бол, мөргөгчид нь нэгмөсөн цэвэршүүлэгдэж, нүглийн мөс чанар нь байхгүй болчхоод, цаашид тахил өргөхөө больсон байх байсан биш үү? 3 Харин тэдгээр тахил нь жилийн жилд нүглийн сануулга болж байв. 4 Яагаад гэвэл бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.
5 Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ
“Та өргөл ба тахилыг хүсээгүй,
Харин Та Надад бие бэлдсэн.*
6 Шатаалт ба нүглийн тахилыг
Та таалаагүй.
7 Тиймээс «Үзтүгэй, Бурхан минь,
Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ.
Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж
Би хэлсэн билээ”
гэсэн юм. 8 Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, шатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг таалаагүй. (Эдгээр нь хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. 9 Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулсан. 10 Энэхүү хүслийн дагуу бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн Есүс Христийн өргөлөөр дамжуулан бид ариусгагдсан юм.
11 Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.* 12 Харин Тэр нүглийн төлөөх үүрдийн ганц тахилыг өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба* 13 тэр цагаас дайснууд нь хөлийнх нь гишгүүр болгогдох хүртэл хүлээж байна. 14 Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.
15 Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр
16 “Эзэн айлдаж байна.
«Тэр өдрүүдийн дараа
Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм.
Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина.
Тэдний ухаан санаанд тэдгээрийг бичнэ»
гээд,* 17 цааш нь
«Би цаашид тэдний нүглийг
Тэдний ёс бус явдлыг эс санана»”
гэжээ.* 18 Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаашид нүглийн төлөөх тахил хэрэггүй юм.

Тэвчээрийн дуудлага

19 Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, 20 махбод болох хөшгөөрөө дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, 21 мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул 22 хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цусыг нь цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр Түүнд ойртон очицгооё.* 23 Хүлээн зөвшөөрсөн найдвараа гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. 24 Тиймээс хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, 25 хамтран цуглахыг больж, зуршил болгосон зарим хүмүүсийг дагалгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биеэ улам илүү зоригжуулъя.
26 Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлдсээр байвал нүглийн тахил цаашид үлдэхгүй. 27 Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ.* 28 Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг.* 29 Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцсон, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?* 30 Учир нь
“Өшөө авалт нь Минийх.
Хариуг нь Би өгнө” гээд, бас
“Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ”
гэж айлдсан Түүнийг бид мэднэ.* 31 Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг.
32 Та нар урьдын өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун. 33 Буруутгал болон цөхрөл дотор олны үзвэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан. 34 Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, эд хөрөнгийг чинь дээрэмдэж тоноход ч баяр хөөртэй байсан. 35 Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хая. 36 Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. Учир нь
37 “Айсуй Нэгэн тун удалгүй ирнэ.
Эс саатна.*
38 Харин зөвт хүн минь итгэлээр амьдарна.
Хэрэв тэр ухрах аваас
Сэтгэл минь түүнийг эс таална”
гэжээ. 39 Бид сүйрэл рүү ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.


  • 10:5–7 Дуу 40:6–8
  • 10:11 Гэт 29:38
  • 10:12–13 Дуу 110:1
  • 10:16 Иер 31:33
  • 10:17 Иер 31:34
  • 10:22 Лев 8:30; Езк 36:25
  • 10:27 Иса 26:11 (LXX)
  • 10:28 Дх 17:6, 19:15
  • 10:29 Гэт 24:8
  • 10:30 Дх 32:35–36
  • 10:37–38 Хаб 2:3–4 (LXX)