Анхаарах сэрэмжлүүлэг

2 1 Тиймээс бид гулсаад өнгөрчихгүйн тулд сонссоноо тун анхаарах ёстой. 2 Учир нь тэнгэрэлч нараар хэлүүлсэн үг баттай байсан. Аливаа тэрслэл ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол, 3 ийм агуу авралыг үл хайхарсан бид хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс нь бидэнд үүнийг баталсан юм. 4 Бурхан бас тэмдэг, гайхамшиг хийгээд янз бүрийн хүчит үйлс болон хүслийнхээ дагуу хувааж өгсөн Ариун Сүнсний бэлгүүдээрээ үүнийг гэрчилсэн билээ.

Дорд болгоод өргөмжлөхүй

5 Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрэлч нарт захируулсангүй. 6 Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.*
“Хүн гэгч юу болоод
Та түүнд санаа тавьж,
Хүний хүү гэгч юу болоод
Та түүнийг анхаарна вэ?
7 Та түүнийг тэнгэрэлч нараас арай доохно болгож,
Алдар хүндийн титмийг
Та түүнд өмсгөжээ,
8 Та бүх юмсыг хөл дор нь оруулжээ”
гэсэн байна. Учир нь бүх юмыг хүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь орохгүй юуг ч Тэр үлдээгээгүй юм. Гэхдээ эдүгээ бүх юм хүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. 9 Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг.
10 Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд бүх юмс Түүгээр байдаг. 11 Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд
12 “Таны нэрийг Би
Ах дүүстээ тунхаглана,
Чуулган дунд Би
Таныг магтах болно”,*
13 “Итгэлээ Би Түүнд тавина” мөн,
“Намайг бас Надад Бурханы өгсөн хүүхдүүдийг харагтун”
гэжээ.* 14 Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүчийг баригч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, 15 бүх насаараа үхлийн айдаст боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. 16 Учир нь Тэр үнэхээр тэнгэрэлч нарт бус, харин Абрахамын үр удамд санаа тавьдаг.* 17 Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж, хүмүүсийн нүглийн эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв. 18 Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.


  • 2:6–8 Дуу 8:4–6 (LXX)
  • 2:12 Дуу 22:22
  • 2:13 Иса 8:17–18
  • 2:16 Иса 41:8–9