Бурханы амласан амралт

4 1 Ингэхээр Түүний амралтад орох амлалт байгаа боловч, дундаас чинь хэн нэгэн нь амлалтад хүрэлгүй унах вий хэмээн эмээцгээе. 2 Учир нь сайнмэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан. Гэтэл тэдний сонссон үг нь тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл сонсогчдын дотор тэр үг нь итгэлээр холбогдоогүй ажээ. 3 Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний
“Би хилэн дотроо
«Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан”
хэмээн айлдсанчлан болж байна. Харин итгэгч бид тэрхүү амралтад ордог.* 4 Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан бүх ажлаасаа долоо дахь өдөртөө амарчээ” гэжээ.* 5 Түүнчлэн “Миний амралтад тэд эс орно” гэсэн байна.* 6 Учир нь заримыг нь тийш оруулахаар энэ нь хадгалагдсан бөгөөд, харин урьд нь сайнмэдээ сонссон хүмүүс дуулгаваргүйгээсээ болоод орж чадаагүй юм. 7 Тиймээс Тэр дахин нэг өдрийг товлоод, удаан хугацааны дараа Давидаар “Өнөөдөр” гэж хэлүүлсэн бөгөөд
“Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,
Зүрхээ бүү хатууруул”
гэсэн ажээ.* 8 Хэрэв Иошуа тэдэнд амралтыг өгсөн бол түүний дараа Бурхан өөр өдрийн тухай ярихгүй байх байсан.* 9 Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. 10 Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм.* 11 Иймд дуулгаваргүй байдлын өнөөх жишээгээр хэн маань ч унахгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе.
12 Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц, сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч ялгах чадвартай юм. 13 Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнана.

Аугаа Тэргүүн тахилч Есүс

14 Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя. 15 Учир нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чадахгүй тэргүүн тахилч бус харин нүгэлгүй атлаа бүх талаараа бидэн шиг соригдсон Нэгэн бидэнд байгаа билээ. 16 Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн сэнтийд зоригтойгоор ойртон очицгооё.


  • 4:3 Дуу 95:11
  • 4:4 Эх 2:2
  • 4:5 Дуу 95:11
  • 4:7 Дуу 95:7–8 (LXX)
  • 4:8 Дх 31:7; Иош 22:4
  • 4:10 Эх 2:2