Мелхизедекийн тахилчийн үүрэг

7 1 Энэхүү Мелхизедек гэгч нь Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.* 2 Абрахам ч түүнд бүх юмнаас аравны нэгийг таслан өгчээ. Нэрийг нь орчуулбал, эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Амар тайвны хаан” болой. 3 Тэр эцэггүй, эхгүй, ураг удамгүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүү шиг үүрд тахилчаар байдаг ажээ.
4 Өвөг Абрахам олзноосоо аравны нэгийг түүнд өгсөн. Тиймээс тэр хүн ямар агуу байсныг харагтун. 5 Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах хуулийн тушаалтай билээ.* 6 Харин тэр хүн тэднээс угсаалсан бус ч Абрахамаас аравны нэгийг хурааж, амлалттай нэгнийг ерөөсөн юм. 7 Бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг нь маргаангүй. 8 Энд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэнд амьд гэж гэрчлэгдсэн нь авсан байна. 9 Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм. 10 Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсан билээ.

Мелхизедектэй адил тахилч

11 Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгсөн) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагууa гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов? 12 Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог. 13 Тиймээс эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн нь өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үйлчлээгүй юм. 14 Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлээгүй. 15 Тэгэхээр Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн бол энэ нь улам ч тодорхой юм. 16 Тэрээр махбодод хамаатай тушаалын хуулиар бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм. 17 Тиймээс
“Мелхизедекийн хэргэмийн дагууb
Чи мөнхийн тахилч юм”
гэж гэрчлэгдсэн байна.* 18 Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд 19 (учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, үүгээр бид Бурханд ойртдог.
20 Андгайгүй биш тул, (үнэндээ өмнөх тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. 21 Харин Тэр Өөрт нь
“Эзэн андгайлсан бөгөөд
Санаагаа өөрчлөхгүй.
Чи бол мөнхийн тахилч”
гэж айлдсан Нэгэний тангаргаар болсон юм)* 22 тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов. 23 Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажлаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв. 24 Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй. 25 Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирч, үргэлж амьд оршдог.
26 Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь тохиромжтой байв. 27 Тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлага Түүнд үгүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ.* 28 Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болгогдсон Хүүг томилдог билээ.


  • 7:1–2 Эх 14:17–20
  • 7:5 Тоо 18:21
  • a7:11 5:6 тайлбар үз
  • b7:17 5:6 тайлбар үз
  • 7:17 Дуу 110:4
  • 7:21 Дуу 110:4
  • 7:27 Лев 9:7