Бурханд таалагдах үйлчлэл

13 1 Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. 2 Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлч нарыг мэдэлгүй зочилсон юм.* 3 Та нар хоригдогсдыг хамт хоригдсон мэт санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг сана. 4 Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр чинь бүү бузартаг. Учир нь садарлагчдыг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. 5 Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.* 6 Тиймд бид зоригтойгоор
“Эзэн миний туслагч. Би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?” гэдэг.*
7 Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын хэв байдлын үр дүнг эргэцүүлж, итгэлийг нь дуурай. 8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. 9 Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Зүрх сэтгэл чинь хоолоор бус, нигүүлслээр батжих нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ. 10 Бидэнд тахилын ширээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй. 11 Учир нь нүглийн учир ариун газарт тэргүүн тахилч цусыг нь авч ордог амьтдын бие хуарангийн гадна шатаагддаг.* 12 Тиймээс Есүс бас Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд хаалганы гадна зовсон билээ. 13 Иймээс Түүний хүлээн авсан доромжлолыг бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн рүү очицгооё. 14 Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. 15 [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. 16 Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.
17 Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь харгалзаж байдаг юм. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.
18 Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэж, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг. 19 Намайг та нар дээр удахгүй очихын төлөө хичээнгүйлэн залбирахыг та нараас гуйж байна.

Залбирал

20 Мөнх гэрээний цусаар хоньдын Хоньчин, бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан 21 Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.

Сүүлийн ятгалга ба мэндчилгээ

22 Ах дүү нар аа, энэхүү ятгалгын үгийг тэвчин хүлээж аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ. 23 Бидний дүү Тимот суллагдсаныг дуулгая. Тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана.
24 Бүх удирдагч нартаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна. 25 Нигүүлсэл нь та бүгдтэй хамт байх болтугай.


  • 13:2 Эх 18:1–8, 19:1–3
  • 13:5 Дх 31:6,8; Иош 1:5
  • 13:6 Дуу 118:6 (LXX)
  • 13:11 Лев 16:27