Есүсийн жишээ

12 1 Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. 2 Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгс болгогч Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. 3 Өөрийнх нь эсрэг зогссон нүгэлтнүүдийн эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун. Тэгвэл та нар сэтгэлээр унахгүй, тэнхээгээ ч барахгүй.
4 Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа. 5 Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.
“Эзэний сахилгажуулалтыг бүү хөнгөн үз, хүү минь,
Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.*
6 Учир нь, хайрладаг хүнээ
Эзэн сахилгажуулдаг.
Хүлээн авдаг хүү болгоноо
Тэр ташуурддаг”
гэсэн байдаг. 7 Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? 8 Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж. 9 Биднийг сахилгажуулдаг махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? 10 Эцгүүд маань үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Бурхан бидний сайн сайхны төлөө биднийг сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм. 11 Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсан хүнд зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг.
12 Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн.* 13 Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд хөлдөө зориулж шулуун жим тавь.*

Бурханаас татгалзахын эсрэг сэрэмжлүүлэг

14 Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. 15 Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа “гашуун үндэс” урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.* 16 Ууган хүүгийн эрхээ хоолоорa арилжсан Есав шиг эсвэл садар самуун эсвэл олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил.* 17 Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Тэрээр нулимстайгаар ерөөл хайсан хэдий чb гэмшлийн төлөөх зай олоогүйг та нар мэднэ.*
18 Та нар хүрч болох уул өөд мөн дүрэлзэх гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи,* 19 бүрээн хүнгэнээн ба үгсийн дуу чимээ рүү ирээгүй. Үүнийг сонсогчид нь дахин үг бүү айлдаач хэмээн гуйж байсан юм. 20 Учир нь тэд “Амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн рүү чулуу шидэгтүн” гэсэн журмыг дааж чадаагүй юм.* 21 Энэ үзэгдэл аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэсэн.* 22 Харин та нар Сион уул, амьд Бурханы хот тэнгэрлэг Йерусалим руу болон баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар, 23 тэнгэрт бүртгэгдсэн уугануудын чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс рүү ирсэн. 24 Мөн шинэ гэрээний Зууч Есүс рүү болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус руу ирсэн.*
25 Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг үл хэрэгссэн хүмүүс зугтаж чадаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнийг бид үл хэрэгсээд зугтаж чадна гэж үү?* 26 Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиосон. Харин эдүгээ Тэр “Би дахин нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан.* 27 “Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхах нь үлдэхийн тулд, бүтээгдсэн ганхах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм. 28 Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Тийнхүү хүндлэл, эмээхүй бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм. 29 Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.*


  • 12:5–6 Иов 5:17; Сур 3:11–12 (LXX)
  • 12:12 Иса 35:3
  • 12:13 Сур 4:26 (LXX)
  • 12:15 Дх 29:18 (LXX)
  • a12:16 грк. нэг удаагийн хоолоор
  • 12:16 Эх 25:29–34
  • b12:17 эсвэл ерөөл авахыг оролдсон ч
  • 12:17 Эх 27:30–40
  • 12:18–19 Гэт 19:16–22, 20:18–21; Дх 4:11–12, 5:22–27
  • 12:20 Гэт 19:12–13
  • 12:21 Дх 9:19
  • 12:24 Эх 4:10
  • 12:25 Гэт 20:22
  • 12:26 Хаг 2:6 (LXX)
  • 12:29 Дх 4:24