Зарц Мосе, Хүү Христ

3 1 Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа. 2 Бурханы гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь томилсон Нэгэнд итгэмжит байсан юм.* 3 Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегоос илүү их алдрыг Тэр хүртэх нь зохистой хэмээн тооцогдсон юм. 4 Аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан мөн. 5 Хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө үйлчлэгчийн хувьд, Мосе Түүний бүх гэрт итгэмжит байсан. 6 Харин Хүүгийн хувьд Христ нь Бурханы гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхлаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэрийнхэн мөн.

Итгэлгүйн эсрэг сэрэмжлүүлэг

7 Тиймээс Ариун Сүнсний хэлсэнчлэн болжээ.
“Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,*
8 Цөл дэх сорилтын өдрийн тэрслэл дэх шиг
Зүрхээ бүү хатууруул.
9 Үйлсийг минь дөчин жил харсан хэрнээ
Эцгүүд чинь Намайг сорьсон.
10 Тиймд Би тэр үеийнхэнд уурлаж,
«Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг
Тэд замуудыг минь мэдсэнгүй» гэсэн,
11 Тиймээс Би хилэн дотроо
«Миний амралтад тэд эс орно» гэж андгайлав”
гэсэн байдаг.
12 Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь хорон муу, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун. 13 Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэг чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. 14 Учир нь бид анхны итгэлээ эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна. 15 Учир нь
“Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,
Тэрсэлж байсан үеийнх шиг зүрхээ бүү хатууруул”
гэсэн байдаг.* 16 Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн удирдлагаар Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү?* 17 Бурхан дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү? 18 Өөрийнхөө амралтад оруулахгүй гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү? 19 Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг.


  • 3:2 Тоо 12:7
  • 3:7–11 Дуу 95:7–11
  • 3:15 Дуу 95:7–8 (LXX)
  • 3:16–18 Тоо 14:1–35