Итгэлээр
11 1 Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. 2 Учир нь өвөг дээдэсa маань үүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.
3 Итгэлээр бид, ертөнц нь Бурханы үгээр бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үл харагдах зүйлсээс бий болсон гэдгийг ойлгодог.*
Абел, Енох, Ноагийн жишээ
4 Итгэлээр Абел, Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.* 5 Итгэлээр Енох, үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ.* 6 Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэрээр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. 7 Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч онгоцыг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг авах өв залгамжлагч болжээ.*
Абрахамын итгэл
8 Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг руу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.* 9 Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.* 10 Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг зохион бүтээгч ба барилгачин нь Бурхан мөн. 11 Итгэлээр Сара, хэдийгээр нас бие хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна.b Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.* 12 Тиймд ганцаас, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолшгүй үй олон нь төржээ.*
13 Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднын хүн ба түр суурьшигч гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо өөд болсон билээ.* 14 Учир нь тийнхүү ярьсан тэд эх нутаг хайж буйгаа тодорхой харуулсан. 15 Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байсан. 16 Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэрээр тэдэнд хот бэлджээ.
17 Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн.* 18 Энэ нь түүнд “Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно” хэмээн айлдсан хүү нь байлаа.* 19 Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд хүүгээ тэр иймэрхүү дүрслэлээр буцаан авсан юм. 20 Итгэлээр Исаак, ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ.* 21 Итгэлээр Иаков, өөд болохдоо Иосефын бүх хөвгүүнийг ерөөгөөд, таягаа тулж Бурханд мөргөсөн юм.* 22 Итгэлээр Иосеф, Израилын хөвгүүдийн гэтлэлийн тухай өөд болохдоо дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг зааварлажээ.*
Мосегийн итгэл
23 Итгэлээр, Мосег төрөхөд эцэг эх нь түүнийг гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг хараад, хааны зарлигаас ч айсангүй.* 24 Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав.* 25 Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. 26 Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. 27 Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ. 28 Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм.*
Израилын баатруудын итгэл
29 Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгиулсан.* 30 Итгэлээр тэд, Иерихогийн хэрмийг долоон өдрийн турш тойрсны дараа хэрэм нуржээ.* 31 Итгэлээр янхан эм Рахаб, туршуулуудыг амар тайван хүлээн авсан тул дуулгаваргүй хүмүүстэй хамт амь үрэгдээгүй юм.*
32 Би өөр юу ярих вэ? Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.* 33 Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,* 34 галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.* 35 Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм.* 36 Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан, бас гинжлэгдэн, хоригдож байсан.* 37 Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.* 38 Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.
39 Итгэлээрээ тэд бүгд сайн гэрчлэлийг олсон боловч, амлагдсаныг хүлээн аваагүй аж. 40 Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү сайныг урьдаас харж байсан. Тийм болохоор тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй байжээ.
- a11:2 эсвэл ахмадууд
- 11:3 Эх 1:1; Дуу 33:6,9; Иох 1:
- 11:4 Эх 4:3–10
- 11:5 Эх 5:21–24 (LXX)
- 11:7 Эх 6:13–22
- 11:8 Эх 12:1–5
- 11:9 Эх 35:27
- b11:11 Зарим гар бичмэлд: Хэдийгээр Абрахам хэт хөгшин, Сара хүүхэдтэй болж чадахааргүй байсан ч итгэлээр тэрээр эцэг болсон юм.
- 11:11 Эх 18:11–14, 21:2
- 11:12 Эх 15:5, 22:17, 32:12
- 11:13 Эх 23:4; 1Шс 29:15; Дуу 39:12
- 11:17 Эх 22:1–14
- 11:18 Эх 21:12
- 11:20 Эх 27:27–29,39–40
- 11:21 Эх 47:31 (LXX), 48:1–20
- 11:22 Эх 50:24–25; Гэт 13:19
- 11:23 Гэт 1:22, 2:2
- 11:24 Гэт 2:10–12
- 11:28 Гэт 12:21–30
- 11:29 Гэт 14:21–31
- 11:30 Иош 6:12–21
- 11:31 Иош 2:1–21, 6:22–25
- 11:32 Шүү 6:11—8:32, 4:6—5:31, 13:2—16:31, 11:1—12:7; 1См 16:1—1Ха 2:11; 1См 1:1—25:1
- 11:33 Дан 6:1–27
- 11:34 Дан 3:1–30
- 11:35 1Ха 17:17–24; 2Ха 4:25–37
- 11:36 1Ха 22:26–27; 2Шс 18:25–26; Иер 20:2, 37:15, 38:6
- 11:37 2Шс 24:21