Илүү дээр гэрээний зууч
8 1 Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм.* 2 Тэрээр ариун газрын буюу хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм. 3 Тэргүүн тахилч бүр өргөл хийгээд тахил өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ Тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй. 4 Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Учир нь хуулийн дагуу өргөлүүдийг өргөдөг тахилчид байсан. 5 Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг. Учир нь асрыг босгох гэж байхад нь Мосед Бурхан зааварчилж, “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.* 6 Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч болсон.
7 Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсан бол хоёр дахийг нь хайх хэрэггүй байх байсан. 8 Гэвч Тэр тэднээс дутагдал олоод*
“«Харагтун, Израилын гэр ба Иудагийн гэртэй
Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж
Эзэн айлдаж байна.
9 «Энэ нь Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд
Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр
Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм.
Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй
Би ч тэднийг хайхраагүй» гэж
Эзэн айлдаж байна.
10 Эзэн ийн айлдаж байна.
«Тэр өдрүүдийн дараа
Израилын гэртэй байгуулах
Миний гэрээ энэ юм.
Би хуулиудаа санаанд нь оруулж, зүрхэнд нь бичнэ.
Би тэдний Бурхан болж,
Тэд Миний ард түмэн болно.
11 Тэд хөршдөө, ах дүүдээ
‘Эзэнийг мэд’ гэж заахгүй.
Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд
Намайг мэдэх болно.
12 Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.
Би цаашид нүглийг нь дахин эс санана»”
гэсэн. 13 Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг нь хуучин болгожээ. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.
- 8:1 Дуу 110:1
- 8:5 Гэт 25:40
- 8:8–12 Иер 31:31–34