Унахгүй байх тухай сануулга
6 1 Тиймээс Христийн тухай балчир сургаалыг орхиж, төлөвшилд тэмүүлцгээе. Түүнчлэн үхмэл үйлсээсээ гэмших, Бурханд итгэх, 2 ариусгалын угаалуудынa тухай заавар, гар тавих тухай, үхэгсдээс амилуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя. 3 Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ. 4 Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон, 5 Бурханы үгийн сайныг болон ирэх үеийн хүчийг амссан атлаа 6 дараа нь урвасанb хүмүүс нь Бурханы Хүүг өөрсдөө дахин цовдолж, илэрхий гутамшиг болгодог тул тэднийг гэмшилд сэргээх боломжгүй байдаг. 7 Учир нь үргэлж ордог хур борооны усаар ундаалж, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал ногоог ургуулдаг газар нь Бурханаас ерөөл авдаг. 8 Харин газар нь хогийн ургамал ба халгайг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.*
9 Хайртууд минь, хэдийгээр бид ийнхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралд хамаатай зүйлсийн тухайд итгэлтэй байна. 10 Учир нь ариун хүмүүсийн үйлчлэлд Түүний төлөө та нарын үзүүлсэн, бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ. 11 Түүнчлэн та нарын хүн нэг бүр чинь найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хичээн зүтгэж, 12 хойш суулгүй, итгэл ба тэвчээрээр амлалт өвлөгсдийг дуурайгсад болоосой хэмээн бид хүснэ.
Бурханы амлалтын баталгаа
13 Бурхан Абрахамд амлалт өгөхдөө Өөрөөсөө агуу хэнээр ч андгайлах боломжгүй учраас Өөрөөрөө тангараглаж, 14 “Би үнэхээр чамайг ерөөж чамайг улам олон болгоно” гэж айлджээ.* 15 Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ. 16 Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр андгайлдаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог. 17 Тиймээс амлалтыг авах өв залгамжлагчдад Бурхан Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгай өгчээ. 18 Бурхан худал хэлэх боломжгүй. Тийм учраас бид өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан өмнө маань тавигдсан найдварыг барьж авахын тулд хүчтэй урам зоригийг олж авахаар хоргодох газар луу зугтаадаг. 19 Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог.* 20 Түүгээр Есүс бидний төлөө урд маань гүйгч адил явж орсон бөгөөд Мелхизедекийн хэргэмийн дагууc үүрдийн Тэргүүн тахилч болсон билээ.*
- a6:2 эсвэл баптисмууд
- b6:6 эсвэл итгэлээсээ урвасан эсвэл итгэлээсээ эргэж буцсан
- 6:8 Эх 3:17–18
- 6:14 Эх 22:16–17
- 6:19 Лев 16:2
- c6:20 5:6 тайлбар үз
- 6:20 Дуу 110:4