Ефраимын нутаг дэвсгэр

16 1 Иосефын хөвгүүдэд шавгаар ногдсон газар нутгийг тоочвол: Иерихогийн дэргэдэх Йорданаас буюу Иерихогийн усны зүүнтээгээс эхэлж, цөлийн зүүн талаас Иерихогоор Бетелийн уулархаг нутаг өөд өгсөөд, 2 Бетелээсээ Луз руу явж Атарот дахь Архегийн хил хязгаар луу үргэлжлэв. 3 Баруун талаараа иафлетчуудын нутгийг уруудан, доод Бет-Хороны бүс нутаг болох Гезер лүү хүрч, тэнгист хүрээд төгсөж байв.
4 Ийнхүү Иосефын хөвгүүд болох Манассе, Ефраим хоёр өөр өөрсдийн өвийг авав.
5 Ефраимын хөвгүүдийн бүх ургийн нутаг дэвсгэрийг тоочвол: өв нь зүүнтээд Атарот-Аддараас эхлэн дээд Бет-Хороныг хүртэлх газраар хиллэж байв. 6 Тэгээд уг хилийн шугам нь Михметатын хойд талаар гарч Таанат-Шило чиглэн зүүн тийш эргэн, Ианоагийн тэнгисийн зүүн хажуугаар өнгөрч байв. 7 Энэ нь улмаар Ианоагаас Атарот болон Наара руу уруудан, Иериход хүрч, Йордан руу гарч ирж байв. 8 Таппуагаас уг хил нь баруун тийш Кана хөндий хүртэл үргэлжлэн тэнгис хүрээд төгсөж байв. Энэ нь Ефраимын хөвгүүдийн овгийн бүх ургийн өв билээ. 9 Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хот нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов. 10 Харин тэд Гезерт амьдарч байсан канаанчуудыг хөөж гаргаагүй учир канаанчууд Ефраимын дотор өнөөг хүртэл амьдарч албадлага дор зарцлагдсаар байна.*


  • 16:10 Шүү 1:29