Симеоны нутаг дэвсгэр
19 1 Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа. 2 Тийнхүү тэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада,* 3 Хазар-Шуал, Бала, Езем, 4 Елтолад, Бетул, Хорма, 5 Зиклаг, Бет-Маркабот, Хазар-Суса, 6 Бет-Лебаот, Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт, 7 мөн Аин, Риммон, Етер, Ашан зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт, 8 мөн Баалат-Беер, Негевийн Рама хүртэл, эдгээр хотын эргэн тойрон дахь бүх тосгоныг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн бүх ургийн өв байлаа. 9 Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас ногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн гол дунд өв залгамжлалаа хүлээн авав.
Зебулуны нутаг дэвсгэр
10 Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургийнх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв. 11 Тэгээд хилийн шугам нь баруун тийш зүглэн Марала руу явж, Даббешетыг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ. 12 Улмаар Саридаас зүүн тийш наран мандах зүг рүү Хислот-Таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат руу үргэлжлэн, Иафиа руу өгссөн байлаа. 13 Эндээс хил зүүн тийш наран мандах зүг рүү Гат-Хефер болон Ет-Казин руу үргэлжлэн, Неа руу чиглэсэн Риммон руу сунасан байв. 14 Уг хил хойд зүгт Ханнатон руу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа. 15 Мөн үүнд Катта, Нахалал, Шимрон, Идала, Бетлехем гээд арван хоёр хот, тосгодынхоо хамт багтсан байлаа. 16 Эдгээр хот, тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн ургуудынх нь өв байлаа.
Иссахарын нутаг дэвсгэр
17 Дөрөв дэх шавга Иссахарт буюу ургийнх нь дагуу Иссахарын хөвгүүдэд буув. 18 Тэдний бүс нутагт нь Иезреелийг хамран Хесуллот, Шунем, 19 Хафараим, Шион ба Анахарат, 20 Раббит, Кишион, Ебез, 21 Ремет, Ен-Ганним, Ен-Хадда, Бет-Паззезыг багтааж байв. 22 Мөн уг хил Табор, Шахазума, Бет-Шемешт хүрч, тэдний хил Йорданд ирээд төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа. 23 Эдгээр хотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.
Ашерын нутаг дэвсгэр
24 Тав дахь шавга Ашерын хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув. 25 Тэдний нутаг нь Хелкат, Хали, Бетен, Ахшаф, 26 Алламмелех, Амад, Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-Либнатад хүрч байлаа. 27 Мөн энэ нь зүүн зүг рүү Бет-Дагон руу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бет-Емек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийг дайран зүүн тийш Кабулд хүрч, 28 Еброн, Рехоб, Хаммон, Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв. 29 Уг хилийн шугам Рама руу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хотод хүрээд, Хоса руу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв. 30 Энд бас Умма, Афек, Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа. 31 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн ургуудынх нь өв байлаа.
Нафталийн нутаг дэвсгэр
32 Зургаа дахь шавга ургуудынх нь дагуу Нафталийн хөвгүүдэд буув. 33 Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-Некеб, Иабнеелаас эхлэн Лаккумд хүрч, Йордан дээр ирэн төгсөж байв. 34 Эндээс хил баруун тийш Азнот-Табор луу эргэж явсаар, Хуккок руу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Йорданы дэргэдэх Иудадa хүрсэн байлаа. 35 Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат, Хиннерет, 36 Адама, Рама, Хазор, 37 Кедеш, Едреи, Ен-Хазор, 38 Иирон, Мигдал-Ел, Хорем, Бет-Анат, Бет-Шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа. 39 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв байлаа.
Даны нутаг дэвсгэр
40 Долоо дахь шавга ургуудынх нь дагуу Даны хөвгүүдийн овогт буув. 41 Тэдний өвийн газар нутаг нь Зора, Ештаол, Ир-Шемеш, 42 Шаалаббин, Аиалон, Итла, 43 Елон, Тимна, Екрон, 44 Елтеке, Гиббетон, Баалат, 45 Иехүд, Бене-Берак, Гат-Риммон, 46 Ме-Иаркон, Раккон, Иоппагийн харалдаах бүс нутгийг хамарч байв. 47 Гэтэл Даны хөвгүүдийн нутаг нь тэднээс алдагдахад Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан илдний ирээр цохиж, эзлэн авсны дараа тэд эзэмшлээ болгож тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв.* 48 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн ургуудынх нь өв байлаа.
Иошуагийн өв
49 Бүх газрыг хил хязгааруудаар нь хуваарилж дуусаад Израилын хөвгүүд Нуны хүү Иошуад өөрсдийн дунд нэгэн өвийг өгөв. 50 ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын ууланд орших Тимнат-Сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив. 51 Энэ газрууд нь Шилод, ЭЗЭНий өмнө, Хурлын майхны үүдэнд тахилч Елеазар нь Нуны хүү Иошуа болон Израилын хөвгүүдийн овгийн ургийн тэргүүн нартай хамт шавга орхин хуваарилсан өв юм. Тийнхүү тэд газар нутгуудыг хувааж дуусав.
- 19:2–8 1Шс 4:28–33
- a19:34 ЭЗО: зөвхөн Йорданд
- 19:47 Шүү 18:27–29